“ОЮУТАН ЦАГДАА” ЖУУЛЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА

Жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий 35 “Оюутан цагдаа” маргааш буюу ирэх сарын 01-нээс нийслэлд ажиллаж эхэлнэ.

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран энэхүү хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж уг хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Энэ жил уг хөтөлбөрт 10 их дээд сургуулийн 35 оюутан шалгарч, хууль эрх зүй, аялал жуулчлал, гадаад хэлний хоёр өдрийн сургалтанд хамрагдсанаар ийнхүү ажлаа эхлүүлж байгаа юм. “Оюутан цагдаа” нар ирэх сарын 01-нээс наймдугаар сарын 15-ны хооронд нийслэлийн түүх соёлын дурсгалт газар болон жуулчид хамгийн ихээр төвлөрдөг газруудад түлхүү ажиллана гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн хэллээ.

Энэхүү хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж буй ШУТИС-ийн оюутан Б.Билгүүн, “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсанаар жуулчидтай байнга харилцдаг тул гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх томоохон тулгуур болдог. Мөн гадны жуулчдад нийслэл хотоо танилцуулж, тэдэнд шаардлагатай туслалцаа үзүүлж байгаа нь Монгол Улсын иргэн үүргээ гүйцэтгэж байгаа чухал алхам гэж боддог. Энэ жил  “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-аас эхлээд олон улсын томоохон арга хэмжээнүүд болох тул өмнөх жилүүдээс илүү өндөр хариуцлагатай ажиллах болно” хэмээв.

Мөн оюутан цагдаа нартай Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр дүн тооцож тодорхой урамшуулал олгох аж.

Г.Ариунболор

сэтгэгдэл үлдээх