ХЯТАД УЛС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

Ирэх есдүгээр сараас эхлэн Хятадын Шаньдун муж болон Чан санжяо Шанхай хот орчим бүс нутгийн далайн боомтуудын нүүрс тээвэрлэлтийг авто замаар явуулахыг хориглож, зөвхөн төмөр замаар нүүрс тээвэрлэх саналыг БНХАУ-ын Байгаль орчны яамнаас дэвшүүллээ.

Уг саналд, 2019 онд багтааж  Бээжин, Тяньжин хотууд, Хөбэй муж, Чан санжяо бүс нутгийн далайн боомтуудад төмрийн хүдэр, ган, коксжих нүүрс зэрэг их хэмжээний бүтээгдэхүүнийг зөвхөн төмөр замаар тээвэрлэхийг тусгасан байна. Дээрх төрлийн бүтээгдэхүүнийг голчлон авто замаар тээвэрлэдэг бөгөөд  шууд боомт дээр буулгаж, улмаар хэрэглэгчдэд хүргэх боломжтой байжээ. Харин дээрх зохицуулалт хэрэгжсэнээр төмөр замаар тээвэрлэсэн бараа зогсоолдоо хүрмэгц дахин авто замаар тээвэрлэх шаардлагатай болох ба цаг хугацаа болон өртгийн хувьд тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна.

Шинжээчдийн үзэж буйгаар уг зохицуулалт коксжих нүүрс үйлдвэрлэгчдэд хамгийн их нөлөө үзүүлэх бол гангийн үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөө харьцангуй бага байх гэнэ .Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт тасралтгүй буурч байгаа өнөөгийн нөхцөлд нүүрс нийлүүлэгч байгууллагууд тээвэрлэлтийн зардалд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Энэ оны эхээр  нүүрсний зах зээлийн байдал сайнгүй байсан бөгөөд Хятадын хойд нутгийн боомтуудад нүүрсний үнэ ихээр буурч, нүүрс нийлүүлэгч үйлдвэрүүд алдагдалтай ажиллахад хүрсэн.

“Авто тээврийг төмөр замын тээвэрт шилжүүлэх” нь ажил хэрэг болвол ирэх есдүгээр сарын 21-нээс эхлэн хэрэгжих бөгөөд оны сүүлийн хэдэн сарын хугацаанд 20 сая орчим тонн нүүрсийг төмөр замын тээвэрт шилжүүлнэ гэдгийг албаныхан онцолжээ.

Мөн дээрх зохицуулалт хэрэгжвэл 2020 онд эдгээр бүс нутгуудын тээвэрлэлт одоогийн 800 сая тонноос 1 тэрбумд хүрэх буюу 20 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ.

  
А.Анхбаяр

сэтгэгдэл үлдээх