11 АЙМАГ, 29 СУМАНД ДАХИН БОЛОН НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛНА

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос ирэх сарын 24-нд зарим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах болжээ. Энэ талаар өнөөдөр СЕХ-тус хорооноос мэдээлэл хийв.

Нөхөн болон дахин сонгуулийг 11 аймаг, 29 сумын 41 хэсэгт зохион байгуулах бөгөөд нийт 83 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх сарын 02-нд гардуулах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 17 хоног үргэлжилнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр дээрх 41 хэсэгт насанд хүрсэн 23.4 мянган иргэн байгаа аж.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, “Сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулна. Одоогоор санал тоолох цахим машин, саналын хуудас зэргийг сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж байна.  Дахин сонгуулийг анхны сонгуулийн үеэр хууль зөрчсөн аливаа үйлдэл нь батлагдаж, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд зохион байгуулдаг. Харин нөхөн сонгуулийг ИТХ-ын төлөөлөгч нас барсан, төрийн албанд шилжиж, ажлаа хүлээлгэж өгсөн, өөр аймаг, суманд шилжин суурьшсан, өөрөө хүсэлтээ гаргасан зэрэг үндсэн шалтгаанаар явуулдаг. Нөхөн сонгуулийг нас барсан 22, гэмт хэрэг үйлдсэн нэг, төрийн албанд шилжсэн зургаа, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гурван хүний орон тоон дээр зохион байгуулна. Харин дахин сонгуулийг гурван хэсэгт явуулна” гэлээ.

сэтгэгдэл үлдээх