Эрх нь хамгаалагдаж, инээд цалгисан багачуудтай долоо хоног

Өнгөрч буй долоо хоног олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байж өнгөрлөө. Эдгээрээс онцлож дурдвал хүүхэд багачуудын хамгийн их хүлээдэг Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсан "Хүүхдийн баяр" өргөн дэлгэр сайхан боллоо. 

1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 93 дах удаагаа тэмдэглэж байна.

            Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 66 дахь жилийг угтлаа.

Хүүхдийн баяраас урьтаж УИХ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг нэмэгдүүлж нийт хүүхдүүдийн 80 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг өгөхөөр боллоо зэрэг олон чухал шийдвэрүүдийг гарсан долоо хоног байлаа. Ингээд хүүхдийн бүхний инээд цалгисан нэгэн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна.

"Монгол хүүхэд" арга хэмжээ боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өчигдөр болж өнгөрлөө. Хүүхдийн баярын тус арга хэмжээнд хүүхэд багачууд өргөнөөр оролцож, өнгө өнгөөр гоёсон хүүхдийн инээдээр төв талбай бялхаж байлаа.

Баярын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, хүүхэд багачууд нийслэлийн иргэд оролцлоо.

Өчигдрийн арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдийн худалдаа, үйлчилгээ үзүүлэв. Мөн Монгол Үндэсний дуу хөгжмөөс бүрдсэн хүүхдийн тоглолт, ОУ-ын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт, “Муурын байшин”, “Чоно ба 7 ишиг” зэрэг олон олон шилдэг жүжгүүдийг хүүхэд багачууддаа толилуулсан юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болов

Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох уу, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх үү гэдэг асуудал байв. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх хүүхэд бүрт биш харин зорилтод бүлгийн хүүхдүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дэмжлээ. Тодруулбал, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Уг төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжиж уг тогтоол батлагдсан юм.

Төрийн албан хаагчдын интернэт ашиглалтад ТЕГ хяналт тавина

Засгийн газраас Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam гэх мэт) ашиглахыг хориглосон тогтоолыг энэ сарын 23-нд гаргажээ. Энэ нь Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд уг тогтоолын хэрэгжилтэд ТЕГ-аас хяналт тавих юм байна. 

Албаны эх сурвалжын хэлснээр тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн өдрүүдэд Тагнуулын ерөнхий газар болон Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас хангасан аж.  Харин төрийн байгууллагын олон нийтийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэдээлэл түгээх боломжоор хангаж ажиллана гэлээ. 

Үндэсний их баяр наадам зохион байгуулах төсөв 60 орчим саяар буурлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулна. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийм шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3 тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурчээ.

Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгслийн стандартыг шинэчлэн сайжрууллаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөл тавдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталлаа.

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний 19 дүгээр тогтоол, Шадар сайд Ө.Энхтүвшиний 2018 оны  хоёрдугаар сарын 8-ны 09 дүгээр тушаалыг үндэслэн тухайн үед мөрдөж байсан MNS 6264:2011 стандартыг тооцоо судалгаанд тулгуурлан шинэчлэн сайжруулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн байна. Тухайлбал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвшинг олон улс, бүс нутгийн болон гадаад орны ижил нэрийн дэвшилтэт стандартын түвшинтэй харьцуулсан судалгаа, эл стандартыг хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст Стандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан батлав.

MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан байна.

Хүүхдийг ашиглаж улстөржиж байгаа нь хамгийн том эмгэнэл

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагууд болон бусад шийдвэр гаргах түвшинд яригдсан асуудлын цөм нь хүүхдийн эрх, хүүхдийн асуудал байлаа. Тийм ч учраас урд нь гарч байгаагүй томоохон ахиц дэвшилтэй шийдвэрүүд ч олноор гарлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт хүүхэдтэй холбоотой байсан нэг тааламжгүй зүйл нь хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулсан АН-ын хар пиар байв.

Тодруулбал, Ардчилсан нам “Монголоо сонсоё” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа. Энэ аяныхаа хүрээнд Орхон аймагт ажиллаж байхдаа Л.Бранижил гэх арван настай охиноор улс төр хийсэн нь сошиал сүлжээнд олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж орхив. Тэрбээр 5 настайдаа хагас, 8 настайдаа бүтэн өнчирсөн гэнэ. Гэвч хөөрхий охинд хүүхдийн 20 мянган төгрөгийг нь огт өгдөггүй. Арга ядахдаа Ардын намд сар бүр захидал бичдэг, бүх сайд нарт захидал бичсэн боловч миний захиаг огт уншдаггүй, хариу ирдэггүй тухайгаа ярьж камерын өмнө уйлсан АН-д эрх барьж буй МАН-ыг шороотой хутгах биш харин ч өөртөө булуу хураана гэдэг л боллоо.

Ер нь цаашид намууд улс төрийн ямарваа нэгэн үйл ажиллагаа, хар цагаан пиар ажилдаа хүүхэд оролцуулахгүй байхыг ихэд анхаарах нь зүйтэй болов уу. Дан ганц сонгуулийн үеэр хүүхдийг улс төр, сурталчилгааны элдэв хэрэгсэлдээ ашиглахгүй байхаар хуульчлах биш аль цаг үед хүүхдээр улс төр хийдэг болчимгүй жишгийг үгүй хийх цаг болжээ. 

 Б.Анир

сэтгэгдэл үлдээх