АЙМГИЙН АРСЛАН О.ХАНГАЙ 20 ХҮРЧ БАЙЖ БАРИЛДЖЭЭ АЙМГИЙН АРСЛАН О.ХАНГАЙ 20 ХҮРЧ БАЙЖ БАРИЛДЖЭЭ

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогчдын тааврыг будлиулсан хоёр бөх бол яалт ч үгүй Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар билээ. О.Хангай арсланг үзүүрлэнэ гэж, Ш.Пүрэвгарьд арсланг С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арсланг хялбархан хаяж, шөвгийн наймд үлдэнэ гэж таамагласан хүн үгүй биз.

Цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтойдоо хоёр үзүүрлэж өвөрмөц амжилтын эзэн болоод буй О.Хангай арсланг нэгийн даваанаас бараг тулаан гэмээр барилдаан хийсэн гэхэд болно. Нэгийн даваанд аймгийн арслан Саруулсайхантай оноолтоор таарч давсан түүний удаах давааны оноолт улсын начин Д.Амарсайхан байв. Ноднингийн улсын наадмаар Д.Баасандорж заанаар тав давж начин болсон Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Д.Амарсайханг өвдөглүүлсэн тэрээр гурвын даваанд залуу начин Б.Чимэдвандантай тунаж илүүрхэн орхилоо. Дөрвийн даваанд өнөө үеийн үндэсний бөхийн өнгө төрхийг тодорхойлогчдын нэг, нуруугаар намхан ч жин, бяр ихтэй, улсын арслан Э.Оюунболд, тавд нэг нутаг, нэг дэвжээний анд, улсын заан Б.Пүрэвсайхан, зургаад сүүлийн үед цагаан сар болон улсын наадмын их шөвөг, үзүүр, түрүүнд нэр нь байнга сонсогдох болсон улсын харцага Ө.Бат-Орших нарыг хаяад долоогийн даваанд өмнөх жилийн түрүү бөх Ц.Содномдорж харцагатай тунан элэг бүсний барьцаас өхийлдөж арагш нь суулгасан аймгийн арслан маань тэргүүн байрыг залуу аварга ч.Санжаадамбатай булаацалдаж, баруун хавируулан тэнцвэр алдаад, түлхүүлж дайруулан унасан юм.

Одоо түүний сүүлийн гурван жилийн “бага наадам”-д хэрхэн зодоглосныг эргэж санацгаая. 2014 оны “Ялгуусан” хэмээх модон морь жилийн цагаан сарын барилдааны 1-7-гийн даваанд нэг хэсэг Наран улсад Токүсэгава нэртэй мэргэжлийн сумоч явсан аймгийн арслан Б.Ганболд, 2011 оны цагаан сарын барилдааны түрүү, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, уран барилдаант улсын начин Т.Баасанхүү, 2006 оны наадмын үзүүр, улсын арслан Д.Азжаргал, 2007 оны наадмын түрүү, улсын арслан Х.Мөнхбаатар, 2011 оны наадмын түрүү, улсын аварга С.Мөнхбат, 2010 оны цагаан сарын барилдааны түрүү, улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулсан О.Хангай арслан, 2012 оны наадмын үзүүр, улсын гарьд Д.Рагчаад тахим бууснаар тус барилдаанд үзүүрлэсэн аймгийн гурав дахь арслан болов. Өмнө нь Б.Ганбат 1998, Ц.Магалжав 2000 онд уг амжилтыг үзүүлж байлаа. Тэрбээр “бага наадам”-д анх үзүүрлэсэн барилдааныхаа талаар ийн дурсжээ.

- Учраа бүр хэцүү байлаа. Нэгийн давааны оноолт гэхэд аймгийн арслан Ганболд, хоёрын даваанд аймгийн хурц арслан Мөнгөнбаатар нар байлаа шүү дээ. Тэд улсын цол горилж яваа сайн бөхчүүд. Харин удаах даваанд элдэвтэй начин Баасанхүү намайг амласан. Амлуулсан болоод тэр үү зоригтой шийдэмгий барилдъя л гээд гарсан. Дөрвийн оноолт ч бас хатуу. Улсын арслан Азжаргал бид хорын барилдаан удааширч барьц сонгоход хүрсэн. Улмаар тавын даваанд улсын арслан Мөнхбаатар намайг амалсан. Дээгүүр даваанд хүрч барилдсан болохоор олон юм бодолгүй мөн л шийдсэн мэхээ хийсэн дээ. Зургаагийн даваанд Мөнхбат аваргад амлуулсан маань бас амаргүй барилдаан. Аварга цолтонг анх удаа хаяж байгаа нь энэ. Доогуур даваанд том цолтнуудтай хүч шавхаж барилдсан болохоор ерөнхийдөө бие хүндэрчихсэн. Аваргатай удаан барилдвал давах магадлал тун бага. Тиймээс урагшаа давшиж барилдахаас өөр замгүй гэж бодсон. Тохох мэх маань амжилттай болж аваргыг давсан. Долоогийн даваанд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан хүчтэй заан Санжаадамбыг давлаа. Улсын заан Мягмарсүрэн багш маань үзүүр түрүүнд Рагчаа гарьдтай өмнөх барилдааны адил шийдэмгий урагшаа явж барилдахыг зөвлөсөн. Би хэлснийх нь дагуу давшиж барилдсан боловч туршлагатай, хүчтэй гарьдаас хий олж хараагүй.

Анх үзүүрлэснийхээ дараа жил цагаан сарын барилдаанд зодоглоогүй тэрээр 2016 оны барилдааны дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой оноолтоор тааран унаж байв. О.Хангай “бага наадам”-д Э.Оюунболд арслан, Ч.Санжаадамба аварга нартай тус бүр хоёронтаа хүч үзсэнээс нэг давж, нэг унаад байгаа юм.

Түүнийг 1990 оны 10-р сарын 2-нд төрөхөд аав Оргих нь нэрт зохиолч Д.Маамын “Газар шороо” романыг уншиж байсан гэдэг. Тэгээд л зохиолд гардаг энгүй их бяр тэнхээтэй “Хангай” Базар хэмээх баатрын нэрийг хайрлажээ. Сонирхолтой нь аймгийн арслангийн маань ээжийн нэр Баярлах гэнэ билээ. Багадаа волейболын спортод ёстой “нугасгүй” байсан төдийгүй аймгаа төлөөлж өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч гавиагүй тэр 2007 онд Буянт сумынхаа дунд сургуулийг төгсөөд, ХААИС-ийн Газар зохион байгуулалт, инженерийн ангид оржээ. Хичээл номоос өөр зүйлд сатааралгүй гурван жил сурсан түүнд 2010 онд сумынхаа наадамд зодоглох завшаан тохиоход шөвгийн дөрөвт үлдэв. Энэ амжилтаа аавынхаа дүүд ярьтал цаадах нь Бөхийн өргөө рүү дагуулж очоод бөхийн өмсгөл авч өгөх нь тэр. Ингээд 2010 оны өвөл нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэл хийдэг “Ховд” дэвжээг сураглаж явсаар улсын заан Ц.Мягмарсүрэн багштайгаа уулзаж шавь орсон байна. 2011 онд сумын заан, 2012 нд аймгийн заан, 2013 онд аймгийн арслан болсон О.Хангайн аав Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх, ээж нь Ховд аймгийн Буянт сумынх аж.

Ээж Баярлахынх нь талд 1940 оны улсын наадамд түрүүлсэн Ш.Ванчинхүү арслан байсан бөгөөд энэ том бөхийн удам угсаа аймгийн арслан О.Хангайг удахгүй улсын цолд хүрнэ гэж нутаг усныхан нь итгэл хүлээлгэсээр байгаа нь дамжиггүй.

Эх сурвалж: "БАЙЛДАН ДАГУУЛАГЧ" сонин

 

сэтгэгдэл үлдээх