Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын үзэсгэлэн үүдээ нээв

“Улаанбаатар Травэл Экспо” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. 

БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.



Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Монгол Улс маань гайхалтай сайхан байгаль, нүүдэлчин ахуй соёл, найрсаг зочломтгой ёс заншилтай аялан жуулчлах хамгийн таатай орон билээ. Аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдсэн энэ үед энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж нийслэлчүүддээ амралт, чөлөөт цагаараа эх орондоо төдийгүй хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх мэдээллийг нэг дороос өгч буйгаараа онцлог болж байна. Энэ жилийн үзэсгэлэнг “Цайны замаар аялахуй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Түүнчлэн Ховд аймгийн Аялал жуулчлалын газар хамтран эх орноо, аялал жуулчлал, түүх соёлоо сурталчилж байгаад талархал илэрхийлье. Аялагчид, амрагчид, нийслэлчүүд та бүхэнд сайхан аялж амрахыг хүсье” гэв.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-аас ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчөөс гадна дотоодын 80 орчим аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчилж байна.

Түүнчлэн арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүдийг сонсох боломжтойгоос гадна спорт сонирхогч залуут зориулан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо өдрийн турш толилуулах юм. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.

сэтгэгдэл үлдээх