Н.Баяртсайхан: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй

“Банкны салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эл өдрийг угтан Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэд, олон нийтэд чиглэсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”  2018 оны нэгдүгээр сарын 02-ноос 5 дугаар сарын 31-нийг хүртэл таван сарын хугацаанд орон даяар хэрэгжсэн юм. Аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь 17 хэлтэс, салбар, банкууд, Санхүүгийн зохицуулах хороо, ШӨХТГ, Монголын Ипотекийн корпораци,  Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулав.

Аяны хүрээнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэгч хэрэглэгчдэд санхүүгийн суурь мэдлэг олгох, тэдний эрх үүрэг, хариуцлагыг таниулж мэдүүлэхэд чиглэсэн сургалт мэдээллийг өгч ажиллажээ.

Өдөрлөгийг нээж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ, “Хурдацтай хөгжиж буй санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь санхүүгийн системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй билээ. Тиймээс Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлсэн аяны хүрээнд санхүүгийн харилцаанд анхлан оролцож буй 18 буюу түүнээс дээш насны иргэд, харилцагчид болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулж сар бүр өөр өөр чиглэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүний үр дүнд санхүүгийн хэрэглэгч нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад үүсэх үеийн харилцааны эрх үүрэг,  хариуцлага, бүтээгдэхүүнээ оновчтой зөв сонгох байдал, гарч болох эрсдлээс өөрийгөө хэрхэн сэргийлэх тухай мэдээллээр хангаж, энэ талаарх ойлголтыг тодорхой түвшинд нэмэгдүүлж чадсан гэж үзэж байна. Мөн  санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хүртэж болох ашиг, үүсэж болох эрсдэл, бусад нөхцлийг бодитой, ойлгомжтой мэдээлэх, сонголт хийх боломж олгох, санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх, харилцагчийн хувийн мэдээллийг хадгалах, ил болгох үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хийж хэвшүүлэх, ингэснээр урт хугацаанд эрсдэлгүй, тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж  ажиллалаа” гэв.

Өдөрлөгийн үеэр банкууд иргэд, олон нийтэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг өгч байлаа.



Богд банкны Бүтээгдэхүүн үйлчилгээ хэлтсийн захирал Ж.Оюунтуяа, “Манай банкны зүгээс өдөр бүр хүүгээ өгдөг харилцах дансны үйлчилгээгээ танилцуулж байна. Бусад банкууд жил, сар, улиралд хүү өгдөг үйлчилгээ явуулдаг бол манай банкны хувьд өнөөдөр хүү бодоод маргааш дансанд нь ордог үйлчилгээ үзүүлж байна. Хүү бодсон дүнгээс нь дахиад хүү бодно гэсэн үг. Энэ үйлчилгээ харилцагчдад маш их таалагдаж байгаа. Мөн харилцах дансаа картанд холбуулахад картаасаа төлбөрөө төлнө, картын дансанд өдөр бүр хүүг нь өгдөг боломж нээгдэж байна.  Мөн манай мобайл аппликэйшнээр харилцагч өөрөө өөрийгөө бүртгүүлж, өөртөө данс нээж болно. Ингэснээр заавал банкин дээр ирэх шаардлагагүй, харилцагч болох үйлчилгээ бүрэн нээлттэй. Түүнчлэн ойрын хугацаанд банкин дээр ирэлгүй зээл авдаг үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр харилцагч заавал салбар нэгжээр үйлчлүүлэлгүй хүссэн газраасаа, гэрээсээ үйлчлүүлэх боломжтой болно” гэв.
 
Энэ үеэр Монгол Улсад банкны байгууллагыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Банк, санхүүгийн салбарын шиодэг аижлтнуудыг шагнаж урамшуулсан юм.

 

Ж.Болор

сэтгэгдэл үлдээх