“Алтан овооны дуулал”

Хоцорчихвол тоглолтын оргил хэсэг болох нээлтийн зургийг авч амжихгүй дээ хэмээн яаран яаран алхалсаар Улаанбаатар паласын гадаа очсон намайг хэсэг хэсгээрээ бөөгнөрөн зогсох хүмүүс тайвшрууллаа. 

Олны дундуур алхах хооронд “Сайн уу? Ямар сонин хүмүүс вэ? Тоглолтын буянаар олон сонин хүмүүстэй таарахнээ”, “Мөнгөнбаатар арслан ирсэн байна. Энэ жил сайхан барилдана байхаа”, “Хүүе тэр хардаа Осгонбаяр дуучин. Наран мандах нутгаа сонсохнээ”, “Тэр хардаа 93 оны төгсөлтийнхөн зогсож байна” гэх мэт үгс чих мялаана. 

Тоглолт эхлэхээс өмнө Алтан овооны төрийн их тахилгыг зохион байгуулах комиссын дарга, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболдтой уулзаж энэ жилийн овооны тахилгын онцлогыг тодруулахад “Долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд Дарьганга суманд Алтан овооны төрийн их тахилга дөрөв дэх удаагаа болно. Энэ жилийн их тахилга нь Богдын зарлигаар тахиж эхэлсний 105 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Зохион байгуулах комиссын зүгээс тахилга наадмыг яаж нутаг орныхоо байгаль орчинд ээлтэй, ард түмэнд илүү тав тухтай байх тал дээр олон ажил төлөвлөөд ажиллаж байна” гэлээ. 

Үзэгчид орж эхэллээ. Бас л нутаг орны сонин, бие биенийхээ ажил үйлсийг асуусан яриа хөврөөстэй. Гэнэ гэнэ энд тэнд сумдаараа ч юм уу, төгсөлтөөрөө нийлсэн олон пар хийтэл инээн бусдын анхаарлыг татна. 

Тэр олны ярианд бүхэлдээ зөгийн үүр мэт дүнгэнэх их танхимыг орхиод тайзны араар орж энэ тоглолтын гол баатрууд болох Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч З.Далайтай тоглолтын талаар хуучлав. “Алтан Дарь овооны их тахилгад хүн болгон л эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Манай театрынхан ч өнөөдрийн тоглолтонд өдөр шөнөгүй бэлдлээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа болохоор хэд тасарч ирсэн. Сүүлийн хүмүүс маань өглөө ирсэн болохоор жаахан ядарсан байгаа. Тэгэхдээ хамгийн сайнаараа тоглож, нутгийн зон олноо баясгана даа” хэмээн үнэхээр өөриймсөг хуучлах нь гоё. 

Тоглолт эхэллээ. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хуран цугласан олонд баярласнаа илэрхийлээд энэ жилийн тахилгын хугацаа, онцлогийг танилцуулав. Мөн Алтан овооныхоо их тахилгад бүгд хүрэлцэн очихыг урьлаа. Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайханы гайхалтай татлагаар эхлэж, Үндэсний их театрын бүжигчдийн цоглог хэмнэлээр хүч нэмж, гавьяат хийлч Л.Мөнхцэцэгийн уян аяз үзэгчдийн сэтгэлийг нэгэнт хөөргөв. 

Үүний дараа “Жаахан шарга” театрын гайхам тоглолтууд хөвөрч нутгийн олны сэтгэлийг хөөргөн, нулимсыг нэрүүлэв. Тоглолтын туршид талын салхи исгэрч, энгүй уудам талын өглөөн наранд морьд янцгаан, Ганга нуурын хөвөөнөөс хунгийн сүрэг хөөрч, Шилийн Богдын энгэрээс зээрийн сүрэг хуйлран давхиж, зүүн өмнөд хязгаарын нүүдэлчин соёл, олон ястны онцлог дуун үргэлжлэн хадав. 
Үнэхээрийн уйдах завгүй гайхалтай тоглолтыг ерөнхийлөн найруулсан УГЗ Л.Гомбосүрэн, найруулагч СТА З.Далай болон “Жаахан шарга” театрын нийт уран бүтээлчид, урилгаар хүрэлцэн ирж нутгийн олондоо ая дуугаа өргөсөн МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр нартаа баярлалаа. 

Тоглолтын багийнханд баяр хүргэж, олны зураг аваад гарч ирэхэд Улаанбаатарын гудамжинд үдэш авхай налайжээ. Гэхдээ тоглолтоос гарч ирсэн олон тараагүй л байлаа. “Үнэхээр сайхан тоглолт юмаа, нулимс унагаж л суулаа”, “Хэд хэдэн сайхан шинэ дуучидтай болжээ”, “Энэ зун заавал Алтан овооныхоо тахилгад очноо”, “Хэдүүлээ ингэхэд одоо хайчих вэ?” гэх мэтийн үгс чих мялаан үлдэв. 
“Алтан овооны дуулал” тоглолт ард түмнийг нутагруу нь дууджээ. 

Г.Ариунчулуун

сэтгэгдэл үлдээх