Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна

УИХ өөрсдийгөө хариуцлагажуулах хуулийн төсөл хэлэлцээд завгүй. Өчигдрийн чуулганы  нэгдсэн хуралдаанаар  Д.Хаянхярваа, Д.Мөнхбаатар нарын  гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.  Дэгийн тухай хуулийн өөр хоёр ч хувилбар явж байгаа бөгөөд бүгдийг нь нийлүүлээд хэлэлцэх тухай яригдав. Ийм зорилго агуулгатай хуулийн төсөл хэд хэдээрээ өргөн баригдсаныг бодоход  өнөөгийн парламент өөрсдийгөө хариуцлагажуулах хүсэл зорилго ихтэй байгааг илтгэнэ.

Хууль тогтоогчид хариуцлагатай сахилгатай, дэг журамтай байх нь иргэдийн хүлээлт.  Энэ тухайд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, ёс зүйн чадавхыг нь нэмэгдүүлэх, нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн хууль” хэмээн тодорхойлжээ.

Эрхэм гишүүдийн ажил хэрэгч байдал  төрийн байгууллагууддаа, жирийн иргэддээ жишиг,  үлгэр дууриал болно. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олдоггүйн жишгээр л ажил амьдрал хөвөрдөг.  

Гишүүд өөрсдөөсөө шударга ёс, сахилга хариуцлага нэхэж байгааг олон нийт “Браво” л гэж байна. Энэ хуулийн төслөө илүү чамбайруулан баталж чадвал М.Энхболдын тэргүүлсэн парламентын сайн жишиг болон үлдэнэ.  

Хуралдаа суухгүй байх, бусдын  кнопыг дарах, хүний өмнөөс санал өгч эрхэнд нь халдах, хэрүүл уруул гээд хэлээд байвал хөөрхөн урт жагсаалт хөврөх байх. Камерийн өмнө ингэж эрээ цээргүй авирласнаараа  ард түмэн, иргэд сонгогчдоо басамжилсан, тэднийг үл хүндэтгэж буйн илрэл болон нийгэмд  хоногшдог.  Ийм байдалдаа хариуцлага тооцох, парламентат ёсыг төгөлдөржүүлэхээр санаачлага гаргаж байгаа нь сайн хэрэг.

Энэ хууль батлагдснаар сонгогчдын хэзээ ч эвлэрч чаддаггүй байсан олон зөрчлийг шийдвэрлэж чадна хэмээн хууль санаачлагчдын зүгээс хэлж байгаа. Тодруулбал, ямар өөрчлөлт гарах вэ?

  1. Хуулийн төсөлд гишүүд санал өгөхдөө хурууны хээгээр бүртгэдэг болно. Өөрөөр хэлбэл хэн нэгний кнопыг дарах боломжгүй болж байна.
  2. Хуралдааны ирцийг сайжруулахын тулд зохион байгуулалтыг зөв зохистой болгоно. Жишээ нь,  байнгын хорооны хуралдааныг бусад байнгын хороо болон чуулганы хуралдаантай давхцуулахгүй.
  3. УИХ-ын гишүүн чуулганд оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх.
  4. Мөн хэлэлцүүлгийн явцад чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн нэрийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
  5. Нийт чуулганы хуралдааны цагийн 1/3-д суугаагүй бол эгүүлэн татах асуудлыг оруулж ирж байгаа.

Одоогоор өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа энэ мэтийн хариуцлагын асуудал төсөл дээр явж байна. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлээд явах болмжтой гэдгийг ч зарим гишүүд онцолж байгаа юм. 

Хууль хэрхэн яаж батлагдах, гишүүд хариуцлагатай байх асуудлыг хэн хэн дэмжиж, хэн татгалзав гэдгийг харж л байя. 

Хэрэв хууль иргэдийн хүсэн хүлээсэн тэр хэмжээнд батлагдаад хэрэгжээд явбал энэ парламент  төрт ёсны төлөвшилд өөрийн гэсэн үнэлэмж, зам мөрөө үлдээнэ гэсэн үг.  

М.Нэргүй  

сэтгэгдэл үлдээх