Сайд Наваанцэрэн бэйл ба Жа лам Дамбийжанцан

1.Сайд Наваанцэрэн бэйлийн тухайд товч өгүүлэх нь

Р.Наваанцэрэн 1865 онд Халхын Засагт хан аймгийн Элжигин  бага хошууны засаг ноён, улс төрд туслагч гүн Ринчинпилийн гэр бүлд төрж, эцэг, эхийн гар дээр өсөж торнин, гэрийн уламжлалт сургуулиар бичиг эрдмийн боловсрол эзэмшжээ. Тэрбээр 1879 оноос эцгийнхээ орыг залгамжлан, хошуу нутгаа 1924 он хүртэл захирч байлаа.

  Эцэг Ринчинпилийн амьдрал, засаг төрийн үйл ажиллагааны арвин туршлагаас хар багаасаа суралцаж, Элжигин их хошууны засаг ноён, халх даяар “Бурхан жанжин гүн” хэмээн алдаршсан С.Лувсандондовтой багш шавийн барилдлага тогтоож, бичиг эрдэмд ухаан цоорч, билгийн нүд гийж, эх оронч үзэл санаа нь төлөвшин тогтсон байна. Түүний амьдрал, тэмцлийн хамгийн тод томруун ,түүхэн зурвас үе бол Ховд,баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар найман жил гаруй ажилласан он жилүүд юм. Тэрбээр 1911-1912 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг сэдэн үүсгэгчийн нэг бөгөөд Ховдыг Манж-хятадын ноёрхлоос чөлөөлөх, дөрвөд, баяд, захчин, торгууд, мянгад, урианхай олон ястныг Богд хаант Монгол Улсад дагаар оруулах, баруун хязгаарыг тохинуулах нарийн түвэгтэй, нөр хичээнгүй үйлсийг удирдан зохион байгуулж,амжилтад хүргэсэн, төрийн тулхтай зүтгэлтэн билээ.

 1921 оны оны Ардын хувьсгалыг талархан угтаж, түүнд хувь нэмрээ оруулсныг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Зор эзэрхийлсэн социализмын хэмээгдэх хэт үзэл сурталжсан цаг үед сайд Наваанцэрэн бэйлийн эх оронч, түүхэн гавьяат үйлсийг бүдгэрүүлж, ангич, намч байр сууринаас үнэлэлт өгч байсан бол ардчилал, ил тод байдал нэвтэрсэн эдүгээ цаг дор үзэл баримтлал өөрчлөгдөж, бодитой, шинжлэх ухаанч хандлага давамгайлах болов.

   Элжигин их хошууны нутаг дэвсгэр дунд, зүйрлэхэд, европчилбол, ”Ромын доторх Ватикан мэт, эдүгээчилбэл., сумын доторх баг мэт”, багаахан нутагтай,. буурайхан хошууны засаг ноёноос гүн, бэйс, бэйл, жүн вангийн зэрэг хэргэм хүртэж, Монгол Улсын Цэргийн Яамны дэд сайд, Ховд баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд болтлоо дэвшин ажилласан, төрийн нэртэй зүтгэлтний нэг байжээ.

2.Жа лам гэгч хэн бэ?

Жа лам, Дамбийжаа, Хоёр тэмээт, Тэнэмэл бадарчин, Эрдэнэ бишрэлт засаг ноён, Дамбийжанцан, Сайд, догшин ноён хутагт зэрэг олон алдар, гуншинтай ,энэ хүний гарал үүсэл хийгээд ажил амьдралын зам мөр тун бүрхэг, түүнийг олонхи эх сурвалж Айдархаан буюу Астраханий халимаг угсаатан гэдэг.Ямартай ч Хаант Оросын харьяат гэдэг нь тодорхой.Олон нэр гуншин шигээ түүний амьдрал, тэмцэл будлиантай бөгөөд ээдрээтэй. Жа ламтан хэмээгдэх энэ хүн 30 гаруй жил нүүдэлчдэд итгэл айдас зэрэг төрүүлж, Монголын баруун хязгаарыг түйвээж явсан нэгэн.Жа ламын албан ёсны нэр ч тодорхой бус, Орост хөтөлсөн бичиг баримтад Амур Санаев Дамбийжанцан гэх. Тэрбээр өөрийгөө 18 дугаар зууны Ойрадын домогт ван, Манж- Хятадын хүчирхийллийн эсрэг тэмцлээрээ нэрд гарсан Амарсанаагийн хойд дүр хэмээн зарлаж, Монгол нутагт гурвантаа ирж, баруун монголчуудын итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг татаж байв. Буддын шашны олон бурхны нэг-догшин Махгалын амьд дүр хэмээн өөрийгөө өргөмжилснөө үг хэлээрээ ч, үйл ажлаараа ч харуулахыг зорьж, заримдаа ч санасандаа хүрсэн.

Түүний ямар сүм хийдэд шавилан сууж байсан, ерөөс ном үзсэн эсэх, зарим эх сурвалжийн мэдээлсэнчлэн гадаадын хүмүүсийг  нэвтрүүлдэггүй Төвдийн Лхас хотод морилсон, Шамбалын оронд очиж, бясалгал үйлдсэн, Далай ламтай шадарласан гэдэг нь үнэн эсэхийг нотлоход түвэгтэй,үгүйсгэхэд ч амаргүй, ёстой л оньсого мэт.

Жа ламын ер бусын чадал, ид шидийн тухайд элдэв домог олон. Орос болон Европын зарим зохиолч, сэтгүүлч, аялагч түүний тухай үнэмшихэд ч хэцүү, үгүйсгэхэд ч бас өрөөсгөл, дуулиантайхан мэдээлэл түгээсэн нь цөөнгүй.Тэдгээрээс ганцханыг өгүүлье.

Жа лам 1921 онд нэгэн малчны өрийг ярж байхад Оссендовски /польш зохиолч/дэргэд нь  байжээ.

“Аажим амьсгалж буй уушиг, цохилж буй зүрхийг нүдээрээ харав. Жа лам шарханд хуруугаа хүргэхэд цус нь тогтож, нөгөө малчны царай тайван амгалан болов. Жа лам малчны гэдсийг ярахаар зэхэхэд би айсан эвгүйцсэндээ нүдээ анив. Хэсэг азнаад нүдээ нээтэл малчин дээлийнхээ энгэрийг ярчихсан унтаж байхыг хараад, мэл гайхсан” хэмээн бичжээ./Оссендовски,УБ,2010.107/

Жа лам өөрийгөө “Би жирийн цэрэг, Би өшөө авагч” гэж хэлсэн байх юм /мөн номын 109 дахь талд/

Жа лам 1912 онд Ховдыг Манж- Хятадын ноёрхлоос чөлөөлөх дайнд оролцож, Дөрвөд хоёр аймгийг Богд хаант Монгол Улсад дагаар оруулах, хятад цэргийн удаа дараагийн халдлагаас баруун хязгаарыг сэргийлэн хамгаалахад монголчуудад нэгэн мөрний хүч болж явжээ. Тиймээс Богд хаант Монголын төрөөс алдар цол, хэргэм зэрэг хүртсэн.Гэвч итгэл даагаагүй, түүний тар танигдаж, хуурамч дүр төрх илэрсэн. Жа ламыг Орос цэргээр баривчлуулж, иргэний харьяаллын дагуу хойд хөршид хүргүүлжээ.

… Монгол улсад орогнох боломжгүй болсон Жа лам Бага Маажинсан ууланд шинэ хуаран бэхлэлт байгуулж суурьшсан.Энэ үеэс бүрэн зэвсэглэсэн Жа ламын зандалчид хол, ойр ялгалгүй, аюул занал учруулах болжээ.

Монгол Улсын Дотоодыг хамгаалах газраас нарийвчлан бэлтгэсэн нууц ажиллагааны дүнд Жа ламыг 1922 оны эцсээр устгасан.

Жа ламын толгойг олон түмэнд зориуд үзүүлж, “Тэрбээр үхэшгүй мөнх бус, одоо үгүй болсон” гэдгийг нутаг даяар сонсгох зорилгоор Улиастайд 1922 оны 10 дугаар сарын эцсээр баруун хязгаарын ноёдыг дууджээ. Тэгэхэд миний нагац өвөг эцэг Лхамсүрэнгийн Дэмиддаваа Наваанцэрэн вангийн хиа хөтчөөр явсан байна.Түүний дуртгаснаар,” Жа ламтай ямар холбоотой байсан” талаар Наваанцэрэн вангаас Ардын засгийн төлөөлөгчид асуулга-байцаалга авахдаа уутнаас нэгэн хүний толгой гаргаж үзүүлээд,

—Дамбийжанцангийн толгой мөн үү? гэж асуусан байна.

—Мөн байна

—Яагаад ?

—Дүрээрээ байна. Эрүүнийх нь уулзварын эрхий багтам хонхорхой, баруун чихнийх нь  гэдэл  дээрх  бараан мэнгэ содон байна гэжээ.

 Жанжин Д. Сүхбаатарын зааварласанчлан”…түүний хүчинд дарагдсан буюу хоргодон явсан зэрэг холбогдол хөнгөн бүхий этгээдийг нягтлах хэрэггүй болов уу” гэснийг/Захидал бичгийн түүвэр, УБ,1971, 98/  баримталж, На ванг Дамбийжанцангийн балмад  үйл ажиллагаатай холбогдолгүй хэмээн үзэж, нутагт нь даруй буцаажээ. Мэдээж, На вантан төрийн нууцыг задруулж, хиадаа ноцтой зүйл яриагүй байх л даа.

Хожим Наваанцэрэн ван сул ардын журмаар аж төрж ахуйдаа “Манлай баатар Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав хоёр бол чин зоригт цэргийн жанжнууд, Жалханз хутагт бол амьд бурхан, номун хаан, Жа лам ларжаатай/элдэвтэй/ нэгэн байсан даа” хэмээн нутгийнхандаа хуучилсныг түүний зээ хүү Х. Санжаадорж өтгөсөөс сурвалжлан тэмдэглэсэн бичвэрээ үлдээсэн нь бий. Үүнийг Наваанцэрэн ваны хамтран зүтгэгчдээ үнэлсэн чигч шударга үг гэлтэй.

Жа ламын толгой Санкт-Петербург дэх хүн судлалын музейн сан хөмрөгт, формалины уусмалаар дүүргэсэн шилэн хоргонд “3394” гэсэн дугаартай үзмэр болон хадгалагдаж байна. Бүртгэлд “Монгол хүний толгой” хэмээн даруухан нэрээр бичигджээ.

 Жа ламын толгойг Өргөөнд хайж байсаар олж, Орост аваачсан монголч эрдэмтэн В. А. Казакевичийн үйлс хазайж, зам мөр будангуйрсан гэдэг. Ер нь Жа ламтай холбоотой байсан, түүний тухай өчүүхэн ч атугай бодит үнэнийг мэдсэн хүмүүсийн хувь заяа эмгэнэлээр төгссөнийг нэр, овог, он цагтай нь бичсэн жагсаалт байдаг юм билээ.

Хараал идсэн толгойн нэхэл ч юм уу, эсвэл тухайн хүмүүсийн хувь төөрөг байсан эсэхийг хэн мэдлээ. Юутай ч Жа лам амьддаа ч , үгүй болсон хойноо ч балагтай, халагтай бодьгал  байжээ гэдгийг хэлэхэд илүүдэх юүн.

3.Наваанцэрэн сайд, Жа лам нарын харилцаа, хамтын ажиллагаа

Олноо өргөгдсөний 2-р он/1912/-д Наваанцэрэнг Ховд Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар томилж, тамга хүргүүлэн шагнаснаас гадна Цэргийн яамны бичигт, Ховд хязгаарын байдал онц түгшүүртэй болсон тул яаралтай очихыг шаарджээ. /Илтгэлүүдийн эмхтгэл.УБ, 2002,69 дахь талд/

Чингэснээр Наваанцэрэн бэйл 1912 оны 5 дугаар сарын 15-нд нутгаасаа мордож, замдаа Арван баядын нутагт Жалханз хутагт Дамдинбазартай уулзаж, хамтран явсаар Дөрвөд баруун гарын чуулган дарга, туслагч жанжин, чин ван Содномжамцайгийн нутаг Улаангомд хүрэлцэн очсон байна. Сайд, зоригт бэйл Наваанцэрэн, хавсран зөвлөх сайд, Жалханз хутагт Дамдинбазарын хамтаар 5 дугаар сарын сүүлчээр Улаангомд Дөрвөд хоёр аймгийн онц хурлыг санаачлан удирдан хийлгэж, Дөрвөд, Урианхайн олон хошууг Монголын тулгар төрд дагаар орох асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусгах, Ховдыг Манж-хятадын эзэрхийлэгчдээс чөлөөлөхөөр тогтжээ.Эл ажилд баруун хязгаарт нэр нөлөөтэй болж буй Жа лам хэмээх Дамбийжанцанг оролцуулж, аймаг, хошуудын ноёд, түшмэдийн дэмжлэгийг авч чадсан байна.

Энэ үеэс л Зоригт бэйл,түүний хамтран зүтгэгчид, Жа лам нарын хамтын ажиллагаа эхэлжээ. Түүнээс өмнө Наваанцэрэн бэйл, Жа лам хоёр бие, биеийнхээ талаар багагүй мэдээлэл, ойлголттой байсан биз. Элиски хэмээх Бурдуков тэр хоёрыг холбож өгсөн байх. Үүсгэн буй ажлаа олон түмэнд ухуулан таниулах, цэрэг дайчилгааг явуулахад Жа ламыг хамран оролцуулжээ. Сайд, хутагт, Жа лам Дамбийжанцан нар хамтран, үндэс, угсаа, шашин нэгт баруун монголчуудад хандаж, Монголын тулгар төрд нэгдэхийг уриалан, бүх хошуудад ухуулан зарлах бичиг дахин тарааж, тэндхийн нөлөө бүхий ноёдтой холбоо тогтоожээ.

Баттай эх сурвалжаас үзэхэд, Жа лам Захчин хоёр хошууг Монголын төрд дагуулсныг Дилав хутагт дуртгалдаа онцолсон нь  бий.

Түүхч, судлаач Д.Түмэнжаргалын бичсэнээр, ”Жа лам…тэгж явах замдаа Монголын төрд дагаар орохыг ятгаж, ухуулга, сурталчилгаа хийж, цэрэг дайчилгаанд явуулахыг шаардаж байсан байхыг үгүйсгэх аргагүй” юм.

Сайд Наваанцэрэн Улаангом дахь ажил хэргээ дуусгаад, Дамдинбазар хутагт, хошой чин ван Содномжамцай нарын хамт Дөрвөд, Баяд, Урианхайн олон зуун цэргийг дагуулж, мөнхүү 7 дугаар сарын эхээр мордож, Ховдод хүрэлцэн ирж, Баруун хязгаарын цэргийн ерөнхий командлагчтай нийлж, тус хотыг чөлөөлөх дайны ажиллагаанд  оролцжээ..

Дамбийжанцанг Захчин Да-гийн нутагт хэдэн сар сууж байгаад, Монгол цэрэг Ховдод ирэх чимээнээр, тэр орчмоос 30-аад хүн цуглуулан авч, Ховдын ойролцоо газар бууж байгаад, цэрэг ирэхэд угтаж уулзсан хэмээн Дилав хутагт дуртгалдаа өгүүлсэн байна.

Түүнчлэн “…лам Дамбийжанцан болбоос… Ховдын олон монголчуудыг дагаар оруулахад үнэхээр хүчин хавсран тусалсны дээр удаа дараагийн байлдахад шууд амь биеийг өчүүхэн хайрлалгүй, шуурхайлан зүтгэсэн нь сайшаалтай” гэж жанжин Дамдинсүрэн, Магсаржав нараас үнэлж, Богд хаанд өргөн айлтгаж байжихуй.

Жа лам цэрэг удирдан, 1912 онд Шар сүмийн хавьцаа Хятадын баг цэргийг бутцохисон хэмээн түүхчид давтан давтан бичсээр иржээ. Байлдаагүй буцсан ч гэдэг. Юутай ч баг цэргийн аюулыг хариулсан нь завшаан бус уу!

Ховдод баатарласан гавьяаныхаа төлөө Богд хаанаас шагналын хурыг хүртсэн.

Жа лам Дамбийжанцан Ховдоос жанжин, сайдууд буцсаны дараа 1913 онд 300 цэрэгтэйгээр Ховдыг сэргийлэн үлдэж байв.

   Ховдыг чөлөөлсний дараа ялалтаа тэмдэглэж, цэргийн туг тахих ёслолын үеэс Жа ламын харгис, балмад үйлдлийг сайд Наваанцэрэн бэйл, түүний хамтран зүтгэгчид ойлгож эхэлсэн нь лавтай.

“Ховдыг байлдан эзлэх үед сэмхэн оргох гэсэн 35 хятад худалдаачин монголчуудын гарт орсон бөгөөд Жа лам хамгийн эхний хүлээстэй хятадын өмнө сөгдөн суугаад, зүүн гартаа махир хутга авлаа. Хутга шаан, ширхийх чимээ сонсогдохын хамт хөөрхий амьтан гаслан дуугараад, чимээгүй болов.Жа лам өвчүүг яран, баруун гараараа цохилсоор буй зүрхийг суга татан гаргаж ирлээ.

…Энэ мэт үйлдсээр таван тугийг цөмийг нь зүрхний цусаар будаж дуусав.Жа лам үхэж буй дайснуудынхаа цусаар айсандаа чичирч буй цэргүүдийг шүршинэ. Амьгүй цогцсуудыг түүдгийн галд шидэж байлаа” хэмээн гадаадын сэтгүүлч бичсэн байх юм. /Инесса Ломакина, Жа ламын толгой, УБ,2005,88дахь талд/

 Ийм зэрлэг, балмад үйлдлийг нүдээр үзэх байтугай сэтгэлээр түдэхэд аймшигтай билээ. Дамбийжанцан лам догшин Махгал бурхны амьд дүр мэт авирласан байна. Түүнийг Жалханз хутагт цэрэг илгээж зогсоожээ. Хэд хоногийн дараахан сор залахад Жа ламын хамт сайд Наваанцэрэн, Жалханз хутагт цөм оролцжээ.

1913 оноос Дамбийжанцангийн тар танигдаж, олон ардын дургүйцлийг хүргэж, эсэргүүцэл тэмцэлд дуудсан байна. Жа лам 1913 оны хавар Хяргасын нутаг Тагийн булагт хиймэл нуур тогтоох гэж Дэжээлингийн хүрээний лам нарын үйлийг үзэж, тамыг цайлгаж, ойрх хошуу нутгаас эмс, дархчуулыг хүч хэрэглэн авчруулж, дарх, уран үйл хийлгэх нэрийдлээр садарлан танхайрч, балмад авирлаж байлаа.Чухам энэ үед л Баяд ястны хамгийн адгийн хараал “Шаарах” гарсан гэдэг.

 Арван баядын нутгаас Жа лам Шар Цэхээд нүүдэллэн очиж, шинэ хот суурин байгуулах ажилдаа шамдаж,харьяат хошуугаа төвлөрүүлсний дараа 1913 оны наймдугаар сард хөлтэйхэн даншиг наадам хийхэд баруун хязгаарын бараг бүх ноёд, түшмэл, эрхтэн дархтан оролцсоны дотор сайд Наваанцэрэн бэйл хүрэлцэн очжээ. Энэ нь Жа ламыг хүндэтгэхийн хамт түүнийг таних гэсэн давхар санаа байсан буй за! Тэд сур харваж, цэц мэргэнээ сорьсон байдаг. Дамбийжанцангийн олны нүдэн дээр ил болсон балмад, ёс бус үйлдлүүдийг Баядын ноён Түгмэл, Ховд, Улиастайн сайд Наваанцэрэн, Гончигдамба нар удаа дараа мэдээлснээр Богдын Засгийн газар ойлгож байсан нь мэдээж. Тэд, Дотоод яам, Цэргийн яам, Ховд, Улиастай дахь Оросын консулд үнэн мөнөөр, баримт, нотолгоотой мэдээлсээр иржээ. Тухайлбал, Наваанцэрэн бэйлээс Дотоод яамаар уламжлан Богд гэгээнд Жа ламын талаар 1914 оны нэгдүгээр сард айлтгасан бичгийг түүхч Д.Түмэнжаргал багштан архивын сан хөмрөгөөс олж, ном бүтээлдээ дурдаж, судалгааны эргэлтэд оруулсан байна.

Сайд Наваанцэрэн бэйл тэр цагийн бусад ноёдын адил Жа ламыг “Авралт сайд, ноён хутагт, өршөөлт багш” хэмээн дээдэлж байсныг 1913 онд бичсэн захидал нь гэрчилдэг. Уг захидалдаа, “…авралт багшийн гэгээн өлмийн дэргэд алба хаан, бараа болж, морь, нохой мэт хүчин зүтгэж суухыг үнэхээрийн залбиран хүсэж, амь, бие, мэндийн авралдаа багтаахыг даатгаж, баярын мандалд мөнгө 20 ланг ариун цагаан хадгийн хамт өргөснийг…баярын есөн бэлэглэл, шавь арван хүн өргөхийг хамтлан дэвшүүлж, өргөвэй “гэснээс тов тодорхой харагдаж байна.

Наваанцэрэн сайдаас Зоригт хан Содномжамцайд 1914 оны эхээр бичсэн захидалдаа,.. ”хөгшин ахын бие Хүрээний газар алба хаалгах хэмээснийг огтод хүлээсэнгүй. Энд баруун талын албаны лам /Жа лам/сайдын дэргэд суух учир зүтгэж суухыг хүсэж ирвэй” гэсэн нь анхаарал татдаг. Эндээс үзэхэд тэрбээр Жа ламтай хамтран ажиллахдаа тээршааж, залхаагүй бололтой.

1921 оны орчмоор ,Зоригт хан Содномжамцайд бичсэн захидалдаа, “Өнөөх лам Дамбийжанцан нийслэл хүрээнээ одох хэмээсэн нь өнөө хэр хараахан очоогүй” гэж онцолсон нь Жа лам Маажинсан ууланд байсан үетэй давхцаж байгаа юм. Урьдын хүндлэгдэж асан Жа богд “өнөөх лам”гэж хэлэгдэх болжээ.

 Оросууд ирж, Дамбийжанцанг барьж аваачсан тухай Сайд Наваанцэрэн бэйл Дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яаманд өргөсөн бичигтээ, ”…гагцхүү сайд, ноён хутагт Дамбийжанцан миний өөрт хандсан хэрэггүй.Орос намайг гагцхүү харьяат улсын хүн бөгөөд уул улсын хэрэгт тус хийсэнгүй хэмээн өшилж барьсан хэрэг тул одоо хэрхэхийг Наран гэрэлт,Богд хаан толилохоос бус надуур өөр зүйлгүй хэмээх явдлыг даруй Нийслэл хүрээний харьяат яамнаа явуулж, уламжлан айлтгах ажаамуу хэмээн хэлжихүй”гэсэн нь ноцтой үг бололтой.

Ямартай ч сайд Наваанцэрэн бэйл хамтран зүтгэгчийнхээ үгийг Богдын Засгийн газарт уламжлан хүргэсэн байна. Үүгээр сайд Наваанцэрэн бэйл, Жа лам хоёрын албаны харилцаа, хамтын ажиллагаа дуусчээ.

Дүгнэлт

Өгүүлэн буй баримтаас үндэслэн дор дурдсан дүгнэлтийг хийж байна.

1.Манж-хятадын дарлалаас Ховдыг чөлөөлөх, Дөрвөд хоёр аймгийг Монголын тулгар төрд дагуулах, Баруун хязгаарыг тохинуулах их үйлсэд Наваанцэрэн бэйл, Жа лам нар түүхэн хувь заяагаар холбогдож, 1912—1914 онд хамтран ажиллажээ. Тэднийг Манж-хятадын эзэрхийллийг үзэн ядах үзэл санаа, монгол угсаа, шашин шүтлэг холбон өгчээ.Их үйлсийг бүтээхэд бусдын оролцоо, дэм тус хэрэгтэйг харгалзан, Жа ламтай хамтран ажиллаж, нэгэн мөрний хүч болгон ашигласан байна.

2.Наваанцэрэн бэйл 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг сэдэн үүсгэлцсэн нэгэн бөгөөд Богд хаант Монгол Улсын төрөөс даалгасан алба, хүртээсэн хэргэм, алдар, шагналыг сүслэн, Монгол төрийнхөө төлөө бие, хэл,  ухаанаа дайчлан, ёстой л чөмгөө дундартал, шөрмөсөө сунатал, нэгэн үзүүрт сэтгэлээр чарамхийн зүтгэж, түүхэн гавьяа байгуулсан бол Жа лам Дамбийжанцан замын хань бөгөөд Богд хаант төрөөс хүртээсэн хэргэм зэрэг, хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн, дураар авирлаж, харгис, балмад үйлдэл удаа дараа хийж, эцэстээ зандалчин болжээ. Тэрбээр нэгдсэн Монгол Улсын төлөө бус, Баруун хязгаарыг тусгаарлан захирч, өөрөө хэмжээгүй эзэрхэгч болохыг зорьж байжээ

3.Наваанцэрэн бэйл угсаа, шашин нэгтэй Баруун Монголын олон ястныг эх оронч үзэл  санаан дор, итгэл үнэмшлээр нь Тулгар төрд нэгтгэн дагуулсан бол Дамбийжанцан бээр Буддын шашны догшин бурхны дүр, түүхэн домгийн үзэл санааг ашиглан, балмад үйлдлээрээ ард олныг эзэмдэн дагуулахыг зорьж, эцэстээ улс төрийн золиос болсон байна.

 Ховд хотын гүйцэтгэх захиргааны даргаар он удаан жил ажилласан Жигжийн Бямбаа агсны, Буянт голын сав дагуу аж төрж байсан  буурал өтгөсөөс 1980-аад онд сурвалжлан тэмдэглэж., орон нутгийнхаа хэвлэлд мэдээлснээр”, Наваанцэрэн сайд хүний хайлан”, Баяд зоны үзэн ядан хэлсэнчлэн “Дамбийжанцан шаарах /шааран/ байжээ гэхэд хэтийдэхгүй болов уу!

Энэ хоёр хүний ялгаа олон зүйл дээр харагддаг. Дамбийжанцан түүхийн баатар, домогт Амарсанаагийн алдрыг ашиглаж, өөрийгөө түүний ач хөвгүүн, Амар Санаев хэмээн нэрлэсэн бол Наваанцэрэн бэйл уугуул  нэр -”Агваанцэрэн-”гээ наймдугаар Богдын алдартай адилсаж байна гэж үзээд, Наваанцэрэн болгосон байдаг.

4. Дамбийжанцангийн амьдрал бүхэлдээ адал явдлаар дүүрэн бөгөөд түүний гарал, үүсэл, удам судар нь тодорхойгүй, аймшигтай, ”далд” этгээд байжихуй.

Наваанцэрэн бэйл бол хиад боржигин удмын сурвалжит язгууртан, намтар түүх, үйл  ажиллагаа нь тов тодорхой, гайхамшигтай илт хүмүүн ажээ.

 

Элжигин Лхүндэвийн Гомбожав 

 

сэтгэгдэл үлдээх