МУИС-ИЙН 2235 ТӨГСӨГЧ ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВАВ

 МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөгчид өнөөдөр “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ.

2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийг  доктор 13, магистр 323, бакалаврын зэрэгтэй 1990, нийт 2235 оюутан төгсч байна. Шилдэг төгсөгчдийн төлөөлөл 100 гаруй оюутанд өнөөдөр сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар нь ромбо, дипломыг нь гардуулан өгөв. 
Эрдмийн баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ, “МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, амьдралын хатуу ч гэсэн амттай замд үдэж буй баяр билээ. Энэ өдөр төгсөгчид та бүхнийг эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн ташуур өгөн мордуулж буй бахархлын баяр. Төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг үргэлж өргөж яваарай, Эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулаарай" хэмээн захив.



Ардын уран зохиолч Т.Галсан “МУИС бол эрдэм ном, хүнлэг чанар, авьяас билгийг бүтээдэг оюуны их уурхай юм. Төгсөгч та бүхэн онолын мэдлэгийг сургуулиасаа авлаа. Одоо амьдралын их сургуульд алхан орж практик мэдлэгийг олж аван хос жигүүртэй холч бүргэд адил болоорой” хэмээн ерөөв.
Эрдмийн баярын үеэр “МУИС-Хакатон 2018” оюутны шилдэг санаа, санаачилгыг шалгаруулах төслийн уралдааны шагнал гардуулах ёслол болж ялагчдад төслийн санхүүжилтийг гардуулсан юм.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд болон  эцэг эхийн төлөөлөл оролцов.

сэтгэгдэл үлдээх