ЭНЭ ОНД БАРИЛГЫН ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ

НМХГ-аас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүдэд гарсан ослын талаар сэтгүүлчдэд мэдээлэв. НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хэлтсийн дарга И.Баттөгс, “2018 онд барилгын салбарт нийт 8 осол гарч, 5 хүн нас барсан. Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас  4 осол гарч, 10 хүн гэмтсэн” гэв.


Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн 4 жилд  нийт 140 осол гарчээ. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь  нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг  тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5  хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь  түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байна.

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга, “Осол гарахад нөлөөлдөг хүчин зүйлийн 15 хувь нь удирдлагын тогтолцооноос шалтгаалдаг, барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хөдөлмөр, техник технологийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийт төсвийнхөө 1.5 хувиас доошгүй хөрөнгийг зарцуулах ёстой гэлээ. Үүнд аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл, анхааруулах тэмдэг, хаалт хамгаалалт зэрэг багтана. Харин 30 хувь нь хувь хүний хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалдаг. Барилгын салбарын ажилчин аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу бусдын болон өөрийн амь насыг хамгаалж анхаарал болгоомжтой ажиллах ёстой. Мөн 20 хувь нь техник технологийн эвдрэл гэмтлээс шалтгаалдаг. Осол гаргасан иргэн, ААНБ-уудыг ЦЕГ-аас  эрүү үүсгэн шалгадаг. Харин НМХГ-аас осол гаргасан байгууллагыг  торгох, нөхөн төлбөр төлүүлэх, цаашлаад үйл ажиллаагааг зогсоох хүртэл  арга хэмжээ авч ажилладаг” гэлээ.

сэтгэгдэл үлдээх