Монгол болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг үр дүнгээ үзүүлж эхэллээ

Монгол болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг үр дүнгээ үзүүлж эхэллээ

Манай улс бараг зуун жилийн өмнөөс Герман улстай соёл, эдийн засаг, улс төрийн харилцаа хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд  Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын үед болон хоёр Герман нэгдсэний дараа ч улам бэхжиж, хөгжсөн байдаг. 1920-иод оны дундуур Монголын хамгийн анхны залуус орчин үеийн өндөр боловсрол эзэмшихээр Герман орныг зорьж байсан бөгөөд тэдний дунд бидний сайн мэдэх их зохиолч Д. Нацагдорж багтаж байсныг та бид сайн мэднэ.

 

Энэхүү боловсролын салбарын уламжлалт харилцаа амжилттай үргэлжлэхэд 2011 онд ХБНГУ-ын Канцлер хадагтай Ангела Меркель Монгол Улсад айлчилсан явдал томоохон алхам болсон юм. Тус уулзалтаар талууд чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарал хандуулахаар тохиролцож, дараа жил нь буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д хариу айлчлах үедээ МГТИС-ийг үүсгэн  байгуулах албан ёсны шийдвэр гаржээ. Хоёр улсын тэргүүний хамтарсан мэдэгдэлд тус сургуулийг Герман стандартад тулгуурлан байгуулахыг онцолсон байдаг бөгөөд улмаар 2013 онд нээлтээ хийж, анхны оюутнуудаа элсүүлсэн түүхтэй.

Тус сургууль өдгөө Англи хэл дээр заадаг европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.

 

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг ба дадлагад чиглэсэн мэргэжлийн ур чадвар хөгжүүлэхийн зорьдог тул лабораторийн туршилт, үйлдвэрлэлийн дадлага онцгой байр суурь эзэлдэг. 4 жилийн хугацаанд Герман улсад болон монголын томоохон уул уурхайн компаниудад нийт хоёр удаагийн дадлага ёстой байдаг бөгөөд хамгийн сүүлд Оюу Толгой компанид илгээсэн дадлагын оюутнууд маань өндөр үнэлгээ авч, ирэх жил дадлагын хугацааг сунгах талаар яригдаж эхэлсэн нь оюутан залуусын ур чадварыг илтгэсэн хэрэг юм.

Тэд Монгол улсын томоохон уул уурхай, инженерийн компаниудаас гадна  ХБНГУ-ын тав, Филиппин улсын нэг нийт зургаан нарийн мэргэжлийн технологийн их сургуультай санамж бичиг байгуулж, эрдэмтэн багш, оюутнаа солилцох чиглэлд хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Нэмж хэлэхэд, нийт оюутны 50% нь түнш бизнесийн байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Германы их дээд сургууль гэх мэт олон улсын байгууллагаас сургалтын тэтгэлэг авдаг.

2018 онд тус сургууль байгуулагдсаны таван жилийн ой тохиож буйн дээр хамгийн анхны инженерүүдээ төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Ойн арга хэмжээнд баяр хүргэхээр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тэргүүтэй дээд түвшний төлөөлөгчид оролцлоо.

 

БСШУЯ-ны сайд хатагтай Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ

“МГТИС инженерийн боловсролын хөтөлбөрүүдээрээ дамжуулан европын стандартыг монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгааг хөгжүүлснээр бусад их дээд сургуулиудад хөгжлийн загвар болж чадах юм” хэмээн онцолсон байна. 

Харин ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга хатагтай Проф. Др. Клаудиа Варнинг

“Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны хамтын ажиллагаа нь оролцогч талуудын хувьд хамгийн өгөөжтэй бөгөөд урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг. Бид цаашид ч монгол залуучуудад Германы инженерийн боловсрол болон техникийн мэдлэгийг эх оронд нь эзэмших боломжийг бүрэн дэмжин ажиллана” хэмээн дүгнэлээ.  

 

МГТИС нь 1920 оноос өнөөг хүрсэн,  дараа дараагийн олон үеийн турш тогтвортой үргэлжлэх Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.

Уг сургууль нь Герман боловсрол эзэмшихээр анхны 35 оюутан алсыг зорьж байсан өнгөрсөн үеийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсынхаа сайн сайхны төлөө хөгжин дэвших шинэ үеийг идээдүйтэй холбогч гүүр нь болж байна.

 

 

сэтгэгдэл үлдээх