ЭМИЙН ХАРШИЛ АМЬ НАСАНД ХАМГИЙН АЮУЛТАЙГ ЭМЧ НАР АНХААРУУЛАВ

Монгол Улсад 4-5 хүн тутмын нэг нь харшилтай гэсэн статистик үзүүлэлт гарсныг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд болсон “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” олон улсын семинарын үеэр танилцууллаа.

Монголын харшил судлалын нийгэмлэг Дэлхийн харшлын байгууллагад 2005 онд элссэн бөгөөд олон улсын харшлын семинарыг Монголд 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн семинарт Монголын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн харшлын эмч нараас гадна АНУ, ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ноос  харшлын олон улсын нарийн мэргэжлийн профессорууд оролцов.
Энэ сарын 22-23-ны хооронд болох уг семинарт гадны багш, профессорууд залуу эмч нарт орчин үеийн харшлын өвчний эмчилгээ, оношилгооны чиг хандлага, орчин үеийн шинжилгээ судалгааг танилцуулж байгаа юм.
Харшил  нь агаарын болон орчны бохирдол, импортоор хараа хяналтгүй орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний  буруу хэрэглээ, нэн ялангуяа эмийн зохистой хэрэглээ алдагдсанаас үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсад амьсгалын замын болон хүнсний харшил их илэрдэг. Энэ нь импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ, гар дээрээс худалдан авдаг баталгаагүй хүнснээс үүддэг аж. Мөн иргэдийн эм тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн эмийн харшил сүүлийн үед ихэсчээ. Эмийн харшлын улмаас арьсан дээр тууралт гардаг нь хөнгөн хэлбэр бол хүнд хэлбэр нь шууд зүрх зогсдог аюултай аж. Харшил хүндрэн шок болж, амиа алдах тохиолдол нэн ялангуяа эмийн харшлаас улбаатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн харшлын эмч Т.Рэгзэдмаа “Сүүлийн үед маш ихээр илрэх болсон эмийн харшил эдгэрдэггүй. Урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд эмийг дураараа хэрэглэхгүй байх, заавал эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх шаардлагатай. Хэрвээ ямар нэгэн эм тарианаас харшилж байсан бол нарийн мэргэжлийн эмчээр оношлуулж, дараагийн удаа ямар эм хэрэглэж болох, болохгүйг тогтоох  хэрэгтэй. Амь насанд хамгийн аюултай харшил бол эмийн харшил, харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй” гэв.
Харшлаас урьдчилан сэргийлэх, тухай бүрт нь эмчлэхгүй бол хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма үүсгэдэг болохыг эмч нар хэлэв.

сэтгэгдэл үлдээх