НЭГ ТЭРБУМ ЮАНИЙН ДИМСАМ БОНДЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛЖ ДУУСГАВ

Монгол Улсын Засгийн газрын 2015 онд олон улсын зээлээс босгосон нэг тэрбум юанийн "Димсам" бондын эцсийн төлбөр 370.5 тэрбум төгрөгийн Сангийн яам өнөөдөр шилжүүллээ.  

Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор босгосон "Димсам" бонд нь жилийн 7.5 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байсан юм. 2015 оноос хойших ханш уналтыг тооцож үзвэл жилийн 15 орчим хувийн хүүтэй зээл болж хувирсан байсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үлдэгдэл төлбөрийг шилжүүлж дууссаны дараа тодотгов.  

Үүнээс гадна Сангийн яам энэ сард хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн зардалд нийт 27.6 тэрбум төгрөг, "Чингис бонд"-ын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөгийг төлжээ. 

Харин арилжааны дотоод өр төлбөрт 293.4 тэрбум төгрөгийг энэ сард төлсөн байна. 2013-2017 оны Төсвийн алдагдлыг нөхөх, "Сайн малчин", "Сайн хувьцаа" хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан дээрх Засгийн газрын үнэт цааснууд нь 9.625-15.5 хувийн хүүтэй байсан аж.  

Ингээд нийтдээ 6 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлж байгаа нь цаг тутамд 1 тэрбум төгрөгийн өр, төлбөр барагдуулсан гэсэн үг хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгож байв. 

Засгийн газар 2018 онд нийтдээ үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай юм байна. 

сэтгэгдэл үлдээх