ХОЁР СОЛОНГОС ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧИН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШУГАМАА СЭРГЭЭЖЭЭ

Гарч болзошгүй сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр Солонгос 2008 оноос хойш ажиллахаа больсон тэнгисийн цэргийн хүчин хоорондын радио холбооны шугамаа сэргээжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.  


Ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний албан хаагчид өнөөдөр өглөө Умард Солонгосын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн хөлөг онгоцтой холбогджээ. Умард Солонгосын тал даруй хариу өгсөн бөгөөд харилцаа холбоонд саатал, доголдол гараагүй хэмээн Өмнөд Солонгос мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Умард болон Өмнөд Солонгосын харилцаанд эвлэрэл, дулаарал  ажиглагдаад байгаа билээ. Хоёр улсын удирдагчид өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цэцэглэх хөгжүүлэх, энх тайван байдал авчрах тухай Панмүнжомын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.

Э.Аянзаяа 

сэтгэгдэл үлдээх