М.ПОМПЕО УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧТАЙ УУЛЗАНА

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 5-нд буюу ирэх пүрэв гарагт Умард Солонгост айлчилж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хийгдэж буй ажлыг үргэлжлүүлэхийн тулд М.Помпео Умард Солонгос руу явна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

М.Помпео өмнө нь Умард Солонгост хоёр удаа албан ёсоор айлчилж, Ким Жөн Унтай уулзсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгааагийн хариуд тус улс цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахыг зөвшөөрсөн хамтарсан мэдэгдэлд талууд гарын үсэг зурсан юм.
 

сэтгэгдэл үлдээх