МАНАЙ УРСГАЛЫНХАН

МЗЭ-ийн шагналт зохиолч Ядамдоржийн Мөнхжаргалын 2016 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тусгай байрын шагнал хүртсэн  “Манай урсгалынхан” өгүүллэгийг нийтлэж байна.

 

Намрын гүн цэнгэг өглөөний наранд тэнгэрийн өлмий түшин зогсоход энэ биений дотоодод юу эсийг санана. Ийм гэгээн тунгалаг орчлонд өдий хүртлээ ямархан анзааргагүй, нүдгүй сэтгэлгүй явж ирэв дээ гэсэн өөрийгөө зэмлэх бодол цээжний хатавчаар сэв сэвхийх нь энэхүү цаг улирлын салхи лугаа ижилсэнэ. Яагаад ч юм хотын энэхэн бөглөөтэй орчноос түр зуур ч атугай салж, салхи агаарыг хүсэн тэмүүлэх бодол төрөв. Бүүр төрүүлсэн эхдээ хүү нь яардаг шиг яарлаа. Хонгор бүсгүйн ааль зөөлөн сэтгэлийн аяга аягахан мэлмэрээг нүдэн хайрын гунигаар ширтэн баясахын зөн тэнд бас бий шиг санагдана.

Тэргээ асаагаад их хотын бөглөө түгжээг тас дайран гарч хөдөө хээрийнхээ дагшин цалгиун зам харгуйд нэгдэн нийлэхсэн хэмээн улам ихээр яарна. Их хотын гудамж харгуй гэдэг хар өглөөгүүр л түм түжигнэж бум бужигнан дүүрч хэн нэгнээсээ үл хамаарах юмгүй болтлоо шалтгаалцан, битүүхэн нэгэн зовиур тэндээс хашгичин байх мэт бүлгээ.

Намрын өглөө хэчнээн тунгалаг, нартай ч гэсэн толь мэт хага ташсан хүйтэн амьсгалаар ертөнц дахиныг хулдан хучих билээ. Урдаа яваа тэрэгний жолоочийн унхиа муутайг гайхан, дотроо хараал урсган байтал хажуугаар шар цувтай бүсгүй донжтойхон алхалсаар өнгөрөв. Урд овоорсон машин тэрэгнүүдийн цаагуур үүлэн чөлөөний нар шиг гялсхийн далд орсон түүний хойноос буугаад гүйчихмээр санагдах нь эрүүл биений зүгээс харахад инээдэмтэй.

Хэдэн ч цаг болов доо. Зам дээр түгжрэн зогсож, хийх юмаа олж ядан байх “манай урсгал”-ынхантай хамт хий дэмий үрэгдсэн тэрхүү цаг хугацаа магадгүй өөртөө харамссан байх даа гэж бодогдохуй, хаа нэгтэйгээс “Үгүй ээ, цаг хугацаа бол эс мэдэгч, хэлгүй дүлий, биегүй хоосон мөртлөө хүйтнээр инээн оршигч тийм аймшиг. Түүнээс юуг ч гуйгаад нэмэргүй. Түүнд юуг ч учирлаад нэмэргүй. Тэр сонсохгүй, хариу хэлэхгүй. Тийм атлаа бухимдах нэгнийг хараад хүйтнээр инээж, тавлан ярзайх билээ” гэж хэлэх шиг санагдав. Нөгөө аймшигт гацаанаасаа би мултраагүй л байлаа. Урд болон хойно өчнөөн хүн юу юундаа ч яарсан юм бухимдан хараал урсгаж, тэрхүү хараал нь ямар ч ажлыг нь гацаанаасаа учраас хий дэмий л гашуунаар инээмсэглэн, гашуун утаа суунаглуулан тамхилцгаана. Ертөнцийн энэ хэсэгхэн газар үнэхээр гашуунд эзлэгдэн, зовлонтойгоор амьсгалж, гашуунаар хахаж цацан, ханиаж найтаан байлаа.

Нар хэвийтэл ийнхүү түгжрэн зогсоод “туулсан” замаа үзвэл хэдхэн миль хүрэхтэй үгүйтэй. Энэ бүхэн ер нь тэгээд хүний хорвоогийн, хүний амьдралын зам харгуйтай адилхан байвал яах вэ гэсэн хачин бодол толгойд орлоо. Хүн ер нь хэзээ ч очих гэсэн газраа хүрч чадахгүй зам зуураа түгжрэн бухимдаж, хий дэмий юманд уурсан хилэгнэсээр нэг насыг бардаг юм биш байгаа. Хүний амьдрал гэдэг ийм зовлон зүдгүүрийн дундуур хад мөргөж, хайрга нурааж байдаг учраас бурхан багш их гээгээрлийн сургаалаа айлдаж зовлонгоос ангижрах замыг заасан байх нь ээ. Тэр зам бол хажуу хавирга руугаа хатгалцан явах бус дээшээ зорьсон, тэнгэр лүү тэмүүлсэн тийм зам  байх нь ээ.

Эсрэг талын урсгалаар машин тэрэгнүүд харин чөлөөтэй цувна. Миний уйдаж залхаад зугтахыг хүссэн их хотын тэрхүү залхаг назгай, замагтай орооцолдоонтой амьдрал руу чөлөөтэй урсан явж одохдоо эсрэг урсгалынхан маань бидний хажуугаар доогтой гэгч нь инээмсэглэж, яг л диваажингийн хаалгаар алхаж буй мэт царай гаргах нь сонирхолтой. Эсрэг урсгалын “найзуудтайгаа” тэрсэлдэх  байдлыг би төдийлөн гарахыг хүсээгүй юм. Надтай нэг урсгалд орчихсон яваа эдгээр хорт зуршилтай нөхдүүд чинь ер нь хэн бэ. Ямархан урьдын ерөөлөөр, магадгүй үйлийн үрийн цовдоор энд бид ингэж хахаж түгжрэн зогсоо юм бол доо? гэж бодлоо. Хажууханд яваа хүрлэгэр бор царайтай нөхөр намайг үл тоомсорлох мэт харснаа гэнэт чухалчлах царай үзүүлж,

-Хөөш, өвгөөн. Наад хөгжмөө чангалчихаач, миний сонсох дуртай дуу байна гэв. Би ч гэсэн хэдий хүртэл мань эртэй хөршилж, үе үехэн нэгнээ хялам хяламхийн харсан шигээ тэнэгтэж суухаа эс мэдэх учир тал заслаа. Дуртайяа ухасхийн хөгжмөө эцэст нь хүртэл чангалчихав. Гэтэл нөгөө талд жолоогоо тэврээд унтаж байсан туранхай /нүүрнээс нь өөр биеийн хэсгүүдийг харах боломжгүй байсан ч би түүнийг туранхай байлгахыг хүссэн учраас ингэж нэрлэж байгаа юм шүү/ цагаан хүүхэн,

 -Наад хөгжмөө намсгаач. Ганцаараа байгаа юм уу гэж ирээд л загнав. Уг нь би машин дотроо бол өөрийгөө эзэн гэж бодсон юмсан. Гэтэл бусдын машинд ороод үймүүлсэн аятай тасхийтэл тархидуулаад авдаг юм байна.

Арга буюу хөгжмөө нам дээр нь тавьтал нөгөө хүрэлгэр бор царайт эвгүйхэн харав. Гуйсан биш муу ёдор чинь хөжмөөрөө боох нь ээ гэсэн бэлээхэн зүхэл дагуулсан үг түүний харцанд хөвж явааг би төвөггүйхэн олоод харчихлаа. Арга буюу туранхай цагаан хүүхэн рүү өрөвдөлтэйгээр харсанд нөгөөх чинь дахиад л жолоогоо дэрлээд дугжирч байна. Ингээд би гэдэг хүн эрх чөлөөт тал нутгаа санасан бялзуухай шиг хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг л болж байгаа юм даа.

Хүрлэгэр бор, нөхөр  луу хүрхрэх шиг цээжин цаанаа  анир нүргэлүүлэн байж,

-Хөөе бацаан аа. Хөгжмөө чангалчихаач. Их юмаараа боож байх шив дээ, хөгийн шаар чинь гэдэг байгаа. Өмнө нь “өвгөөн” гэж байсан хүн шүү дээ. Ингэж амархан хөгийн шаар болдог байж. Энэ хүрлэгэр царайтын дургүйг хүргэвэл юу ч болж мэднэ гэж бодоод би хөгжмөө чанга дээр нь тавьчихлаа. Нөгөө туранхай цагаан хүүхэн чинь над руу нэг л ёозгүй харж байснаа ширэв татаад буруу харчихав. Яагаад ч юм би түүнийг аргадах ёстой юм шиг санагдаад байх юм. Тэр хүүхэн надаас л болж ингэж уурлан бухимдаж байгаа юм шүү дээ. Энд ингэж уурласнаасаа болоод гэртээ хариад нөхөртэйгөө хэрэлдэж таарна. Магадгүй өөдөөс нь эрхлэн гүйж ирсэн хүүхдээ тасхийтэл зандраад уйлуулахыг хэн байг гэх юм бэ.

Манай урсгал урагшаа хөдлөх шинжгүй ээ. Тээглэж гацсаныг мэдсээр мөртлөө хойноос маань дуут дохио хангинуулан хараал урсгах нь заавал нэг юм хийх гэсэн “ажилсаг” хүмүүсийн л араншин бололтой.

Би машинаасаа буугаад нөгөө туранхай цагаан хүүхний машинд ойртож, зориг муутайхан,

-Миний найз аа, миний найз аа. Чи надад гомдчихоогүй биз дээ. Бид бүгдээрээ л бөглөөнд орчихсон байна шүү дээ гэж учирласнаа бас хэн нэгнийг хараамаар санагдсан тул

-Энэ төр засгийн томчуулыг нэг өдөржингөө ингэж түгжээнд суулгаж залхаан цээрлүүлэх юм сан гэж шазуур зуув. Ингэж улс төржсөн минь хоёр шалтгаантай. Нэгд, захын нэг хүүхэнд доль цохиод байдаг эр нь би биш, нэлээн шазруун хүн гэдгээ харуулах хэрэгтэй байлаа л даа. Хоёрт хамаг муу муухай, болохгүй бүтэхгүйг чихэж байдаг том хар сав болох төр засгийг хэмлээд авахад хэн ч дургүйцэхгүй. Хамгийн чангаар хараасан нь  хамгийн сайн хүн болж харагдах тул тэрхүү эзэнгүй хар сав руу чөтгөрийн муухай дуугаар хашгирсан минь тэр.

Манай урсгалынхан гэв гэнэтхэн л түрхрэн шуугиад явчихав. Эсрэг урсгал руу тэд атаархсан, бахархсан харцаар харцгаана. Урсгал сөрж, бүрэн эрхээ хэрэгжүүлж яваа Түргэн тусламжийн тэрэгний ард нэг жижигхэн улаан “юм” наалдчихсан юм шиг дагаж байна. Ингэж овсгоо гаргасан тэр улаан машины жолоочийн арга ухааныг манай урсгалынхан бүгдээрээ бахдан харж байлаа.

Түргэн тусламжийн тэрэг хэн нэгнийг  нөгөө ертөнцийн хаалгаар оруулчихгүй гэхдээ ийнхүү орилж чарлах мэт дохио хангинуулж яваа даа. Үхлийн ирмэг дээр байгаа хэн нэгнийг зорьсон түүний араас зүүгдээд явчихмаар санагдав. Даанч манай урсгалаас гарах арга алга. Бүгдээрээ нэгэндээ  шүргэх нь холгүй тулчихсан байв.

Өглөөний нөгөө сайхан бодол минь тархин дотор шатаж дуусчээ.

 

Я.МӨНХЖАРГАЛ

 

сэтгэгдэл үлдээх

Ts.Sarantuya

  • [192.168.1.1]
  • 1 Жил

MUNDAG AHDAA AMJILT HVSII

савка

  • [192.168.1.1]
  • 1 Жил

сайхан болжээ. амжилт хүсэе