Хаврын чуулган ажлаа тайлагнаж, элсэгчид батламжаа гардсан 7 хоног

Наадмын амьсгалтай, нар хур ээлжилсэн долоо хоног улирч байна. Улс төр завсарлаж, Засгийн газар дарууханаар хуралдаж,  амралт, аялал зугаалгын хүлээлттэй өдрүүд байлаа.

Энэ долоо хоногийн улс төр үндсэндээ УИХ-ын хаврын чуулган  ажлаа тайлагнаснаар эхлэв. Долоо хоногийн эхээр /2018.07.03/  УИХ-ын  дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын дарга Ц.Цолмон нар өнөөдөр хаврын чуулганыг дүгнэж мэдээлэл хийсэн.

Тэдний онцолсноор УИХ-ын 2018 оны хаврын чуулганы хуралдаанаар бие даасан 17 хууль, 67  хуульд өөрчлөлт оруулсан бол  олон улсын хоёр хэлэлцээр соёрхон баталж, таван хуулийг хүчингүй болгож, 50 УИХ-ын тогтоол баталжээ.

Энэ мэдээллийн араас УИХ-ын Байнгын хороод мөн ажлаа иргэддээ тайлагнасан. Тухайлбал,  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 50 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолыг батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 38 байгаа талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Мөн Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 14 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралдаж, давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцжээ.  Тус хороо  ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ.

Харин М.Оюунчимэг гишүүний тэргүүлсэн Өргөдлийн байнгын хороонд  энэ хаврын чуулганаар 277 өргөдөл ирсний  237-г шийджээ.

Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, 5 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, харьяа байгууллагын тайлан 2, хяналт шалгалтын ажлын 5 тайланг хэлэлцэж, батлуулжээ.

- Хоёр жил тутам болдог Гамшгийн эрхсдлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурал Улаанбаатар хотод амжилттай зохиогдлоо.  Энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргав. Хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори хүрэлцэн иржээ.

Тус хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргалаа. Дашрамд дурдахад Монгол Улс НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны орон болсон билээ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, Хөгжлийн банкны зээлээр ОХУ, БНХАУ, Беларусь, Польш, ХБНГУ-ын техник, тоног төхөөрөмж авахаар шийдвэрлэв. 

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ хийхдээ нэг тонн ачаанаас авах хураамжийн хэмжээг хамгийн бага түвшинд байлгах, Засгийн газар санхүүгийн дэмжлэг, баталгаа үзүүлэхгүй байхад анхаарах, “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл”-ийг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх,  зэрэг асуудлыг хэлэлцэв.  

Засгийн газрын хуралдаанаас гаргасан нэг чухал шийдвэр нь Тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн  батлах тухай байлаа. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна.

-Энэ долоо хоногт энэ жил их дээд сургуульд элсэгчид батламжаа гардан авлаа.  Энэ жилийн тухайд ЭЕШ шалгалт өгөхөөр 43 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн нь хамгийн өндөр жил байлаа.

 

Товчхон

- “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өдөр хянан хэлэлцсэн ч хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

 

- Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байв.  Харин 1.034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна.

Харин хотын дарга Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө.

сэтгэгдэл үлдээх