ГЭРЭЭТ МАЛЧНААР АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АЙМАГ, СУМЫН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ХЭЛТЭСТ БҮРТГЭНЭ

ГЭРЭЭТ МАЛЧНААР АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АЙМАГ, СУМЫН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ХЭЛТЭСТ БҮРТГЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, наймдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлт” болон “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төслүүдийн талаар танилцууллаа.
ХНХ-ийн сайд мэдээллийнхээ эхэнд, “Өнөөдөр манай улсын нийт хүн амын гуравны нэг нь хөдөө, орон нутагт МАА эрхлэн амьдарч байна. Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь ХАА-д ажиллаж байгаа нь манай улсын ажиллах хүчний том нөөц хөдөө, орон нутагт байгааг харуулна. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байнгын ажил, тогтмол орлоготой болгох боломж МАА-н салбарт байгаа учир хот суурин газраас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж олон малтай малчдын малыг гэрээгээр маллах хөдөлмөр эрхлэлтийн нэг хэлбэрийг дэмжих үүднээс “Гэрээт малчин” төслийг хэрэгжүүлж байна” гэв. Төслийн хүрээнд гэр бүлээрээ төв суурин газарт ажиллаж амьдарч байгаа болон хөдөө, орон нутагт ажилгүй байгаа хүмүүс мал маллаж гэрээт малчнаар ажиллах бөгөөд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас оруулж байхаар заажээ. Гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм. Энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь НДШ-ийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны гэр бүлийн хүнтэй нь хамт мөн НДШ-ийг 100 хувь төлнө. Гэр бүлээрээ ажиллаж байгаа учир гэр бүлийн гишүүнд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг өгөх юм. Гэрээт малчнаар ажиллаж байгаа залуучуудад уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгоно. Хөдөлмөр халамжийн хэлтсүүд гэрээгээр ажиллах иргэдийн судалгааг найман сард багтааж авах юм. Сумын засаг дарга, Хөдөлмөр халамжийн хэлтэс, гэрээт малчин, малчин гэсэн дөрвөн тал гэрээ байгуулж ажиллах нөхцөл боломжоор хангаж байна гэв. Тиймээс хөдөө гэрээт малчнаар ажиллах залуус тухайн аймаг, сумын Хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгүүлнэ гэв.
Дээрх төслөөс гадна хөдөө, орон нутагт хэрэгжих 2 дах төсөл нь “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих явдал бөгөөд энд иргэд өөрсдийн туршлага, ур чадвартай түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгон түүнийгээ өргөтгөн хадгалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөтэй болоход олгодог 24 сарын хугацаатай, 3 сая хүртэл төгрөгийн зээлийн хэмжээг 5 сая хүртэл төгрөг, зээлийн хугацааг 36 сарын хугацаатай  болгож байгааг ХНХ-ийн сайд мэдэгдлээ. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлттэй дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдагчдын насыг 15-39 байсныг 18-45 болгон хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна. Орон нутаг болон хот суурин газар ажилгүй байгаа залуучуудыг өөрсдийнх нь ур чадварт түшиглэн ажлын байртай болгох хэрэгцээг хангах “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төслийн хүрээнд орон нутагтаа шаардлагатай байгаа хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо засах, худаг гаргах зэрэг ажлыг гүйцэтгэхэд өдрийн доод тал нь 10.000 төгрөгөөс доошгүйгээр урамшуулал цалин олгож дэмжлэг үзүүлэхээс гадна нэгдэж нийлэн хоршин ажиллах нөхцөлд жижиг зээл болон багаж төхөөрөмжийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм.
 
Өнөөдрийн танилцуулсан хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож дэмжих хөтөлбөрүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болоод буй ядуурал, ажилгүйдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, орон нутагт залуусыг тогтвортой суурьшиж ажиллах зорилготойг ХНХ-ийн сайд онцлож байв. Дэлхийн банк, Үндэсний статистикйн хорооноос хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 2014 оноос өссөн дүнтэй байгааг хэлж байв. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар ХНХ-ийн сайд ахалсан ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулж наймдугаар сард Засгийн газарт танилцуулж тайлагнах юм.
 
Тодруулга: ХАА-н салбар ДНБ-ийн 14 орчим хувийг үйлдвэрлэж, түүн дотроо МАА-н салбар ХАА-н нийт бүтээгдэхүүний 87 орчим хувийг бүрдүүлж байна. Хүн амын гуравны нэг болж буй малчин өрхийн тоог бүс нутгаар авч үзвэл баруун бүсэд 63.1 мянга, зүүн бүсэд 27.6, хангайн бүсэд 83.8 мянга, төвийн бүсэд 50 мянга шахам байна.

 Б.Болд

 

сэтгэгдэл үлдээх