ОХУ, ИРАН, ТУРКИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СИРИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

ОХУ, ИРАН, ТУРКИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СИРИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

СОЧИ. /TASS/. Сирийн гал зогсоох дэглэмийг батлан даагч орнууд буюу ОХУ, Иран, Туркийн төлөөлөгчид өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо уулзаж, Сирийн Үндсэн хуулийн хороог бүрдүүлэх, сири дүрвэгсдийг эх орон руу нь буцаах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Уулзалтын эхний өдөр шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болох бол хоёр дахь өдөр буюу маргааш нэгдсэн хуралдаан болно.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолд үндэслэн Сирийн Засгийн газар болон тус улсын сөрөг хүчин хоорондын яриа хэлцээг хөнгөвчлөх үйл ажиллагаа болон Сирийн Үндэсний яриа хэлцээний конгрессын шийдвэрийн тухай санал бодлоо солилцоно. Үүний зэрэгцээ Сирийн хямралыг улс төрийн арга замаар зогсоох үйл ажиллагааны хамгийн чухал элемент болох Үндсэн хуулийн хороог яаралтай байгуулах тухай хэлэлцэнэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Оросын төлөөлөгчдийг Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин тэргүүлэх бол Турк улсыг Гадаад хэргийн дэд сайд Седат Онал, Иран улсыг Гадаад хэргийн дэд сайд Хосейн Ансари нар төлөөлнө.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан де Мистура болон Иордан улсын төлөөлөгчид уг уулзалтад ажиглагчаар оролцох ажээ. Харин Сирийн Засгийн газрыг тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Башар Жафари төлөөлөн оролцох бол Сирийн сөрөг хүчнийг хэн төлөөлөн оролцох нь тодорхойгүй байна. АНУ-ын төлөөлөгчид энэ удаагийн уулзалтад оролцохгүй гэсэн шийдвэр гаргажээ.
 

МОНЦАМЭ:Д.Нямтулга

сэтгэгдэл үлдээх