ТӨРИЙН ТҮШЭЭДИЙГ ЦАЛИНГҮЙ БОЛГОВОЛ УИХ РУУ УЛАЙРАГСДЫН АРМИ АЯНДАА ТАТАРНА!...

Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажилчин хүн өдөрт 8 цаг хөдөлмөрлөж байж цалин авах эрх нь баталгааждаг. Бодит байдалд өдөрт 8, таван өдөрт 40, сарын 26 өдөрт 208 цаг хөдөлмөрлөөд нэг сарын цалингаа бүтэн авдаг хуультай. Тийм бөгөөтөл ажил тасалдаг, хийдүүлдэг нь тодорхой байтал цалингаа хасуулалгүй идээд л явдаг ажилтан буй болжээ. Ялангуяа төрийн алба эрхэлдэг парламентад хөл толгойгоо алджээ. Нэгдсэн чуулганд байтугай байнгын хорооны хуралдаанд ч суудаггүй гишүүдийг эргүүлэн татаж чөлөөлөөд УИХ-ын шинэ түшээг залъя гэж олон жил ярьсан ч огт хэрэгждэггүй. Цалингаа авдаг гишүүд УИХ-д байгаагүй гэвэл бараг үнэнд дөхнө. Спикер асан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир 2008-2012 онд парламентад байхдаа гишүүний бүх цалингаа авалгүй тойргийн сонгогчдодоо зориулсан байдаг. Одоо бол цөмөөрөө л авч байгаа, гар утасны дугаараар нь дамжуулаад тэдний дансанд цалин нь шууд шилжчихдэг болсон. Урдынх шиг цалин авах гээд няравын хаалган дээр зогсдог цаг өнгөрсөн. Тэгтэл ажил хийгээгүй, тасалсан, хийдүүлсэн хүнд яаж цалинг нь олгоод байдаг юм бэ гэсэн асуулт гарч таарна даа.

Шинэ парламент байгуулагдаад эхний жилийн намрын чуулганы хугацаанд 34 удаа хуралдахдаа 166 цагийг зарцуулсан байна. Гишүүн бүрийн ирцийг бүртгэвэл Д.Тэрбишдагав гишүүн 162 цаг хуралдаж дөрвөн цагийг нь тасалжээ. Араас нь Ц.Нямдорж, Н.Амарзаяа гишүүд хошуучлан удаалснаар хуралдаанд идэвхтэй эхний гурван төрийн түшээд тодорч байгаа юм.  Харин хамгийн их эзгүй гулардаг гишүүн нь Б.Наранхүү болжээ. Мань эрхэм нийт 34 чуулганы хуралдааны дөнгөж аравханд нь саатахад ердөө 26 цаг суусан болж таарлаа. Бусад 24 хуралдаан ба 764 цагт нь хаана байснаа, яаж явснаа тайлагнаад авч амжсан л байгаа юм. Тэрхүү шалтгаанаа Б.Наранхүү гишүүн “Гадаадад 21 цаг, орон нутагт 32 цаг ажиллаж өнгөрүүлсэн” гэж тайлбарлажээ. 21 цагийн нь бол ерөөсөө пялж орхисон байна. Өмнөх парламентад хамгийн дуугүй, хамгийн үзэгддэггүй, хамгийн идэвхгүй түшээгээр Б.Наранхүү тодорч байсныгаа энэ парламентад дахиад үзүүлээд эхэллээ. Түүний халааг найдвартай өвөлсөн шинэ гишүүнээр Хэнтийгээс сонгогдсон хамгийн залуу түшээ Д.Гантулга болов. Гучхан настай энэ хүү 108 цаг пялж орхисон мөрт 21 цагт нь чөлөөтэй байсан гэж мэдүүлжээ. Төрийн ордны босгоор дандаа орж байдаг атлаа нэгдсэн хуралдааныг үргэлж таслан хийдүүлдэг “бүдүүн бөгстэй” гишүүдийн жагсаалтанд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, түүний амьдаа Д.Эрдэнэбат бас О.Содбилэг, Б.Дэлгэрсайхан нар эрэмбэлэгджээ.

Энэ удаагийн парламент харьцангуй залуусын баг арвинтай газар. Гэтэл Д.Гантулга, Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Наранхүү, О.Баасанхүү, С.Жавхлан, Н.Номтойбаяр, А.Ундраа зэрэг ажил таслахад гарамгай атал цалингаа хүртэхдээ сурамгай залуус цөөнгүй байна. Багийн хурал дээр ч дуугүй сууж байдаг номойхон малчныг “Хэлтэй бол дуугар. Дуугай юм бол дуугараад өг” гэж хэлдэг хүн байсан шиг явдал УИХ-д гараад байддаггүй ч хэлгүй мөртлөө хийдүүлж давхиад шилэрдэг эрхмүүд олон. Ямар тэднийг шилийн сайн эрс гэж зарлалтай биш. Чуулган хуралдаад хууль батлахаар ирц авахад хүн дутаад гишүүдийн авгай руу бүү хэл амраг руу нь утасдаж дуудан хэрэг гарсан явдал буй гэдэг юм.

Ямартаа үүнээс үүдээд “Олддоггүй гишүүдийг гэрээс нь, нойлоос, компаниас нь олохгүй бол нөгөөхийн дотоожноос олоод гарга” гэсэн онигоо тарах вэ. Тэгээд ч манай түшээд шиг казинодох цаг зав гаргах байтугай цалингаа авахдаа ч хоцордоггүй эрхэм олонтойг андахаа больсон. Манай их хурал тэр чигээрээ саятан, тэрбумтангуудаар дүүрдгийг бүр андахаа больсон. Хамгийн чадуу нь хэдэн шүлгийн номтой Г.Мөнхцэцэг гэх. Иймдээ ч хөрөнгөтэй гишүүдэд төрөөс сарвайсан сарын ганц сая төгрөг нь ажилгүйчүүдэд бол Хавай ороод тансаглахтай адил сонсогдох мөнгө!

Хурдан удмын нэг адууг 700 сая төгрөгөөр худалдаж авдаг Б.Наранхүүд нэг сая төгрөг ердөө л хуушуурны мөнгөтэй адил. Хоолойгоо сөөтөл биш голоод хаясан “гавьяат” автлаа орилсон С.Жавхланд ч ганц сая төгрөг бараг нойлын “ухаалаг” цаас болдог байлгүй. Хэрэв тэд цалингаа голдог бол УИХ-ын Тамгын газар олгохоо больчих. Өөрөө гуйгаад нэхвэл ажлаа хийж сурчихаад нэхэж бай гэж хариулдаг болъё. Лоббидох, хоббидох дур нь хөдлөхдөө гүйж ирж саналаа өгөхөөс өөр ажил хийдэггүй түшээдэд төрөөс цалин олгодог хуулийг ч эргэн нягталъя. Мөнгөтэй гишүүдэд 12 сая бол нүдээ ирмэхийн зуургүй олдох л “цаас” байдаг. Үндсэн хуулийг өөрчлөхөөс эхлээд бүх хуулинд засвар оруулах дуртай төрийн түшээд маань л өөрсдөө “УИХ-ын гишүүд ямар ч цалингүй ажилладаг болох хууль” санаачилвал чуулганд суудаггүй, хуралдаан дасалдаг “торой Банди” шиг тавааришууд Монголын нутагт байдаггүй арслан, анааш шиг алга болоход амархан шүү дээ.

М.Занабазар

 

сэтгэгдэл үлдээх