ДОНАЛЬД ТРАМП ЗАСГИЙН ГАЗРАА СҮРДҮҮЛЖЭЭ

ДОНАЛЬД ТРАМП ЗАСГИЙН ГАЗРАА СҮРДҮҮЛЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын хуулийг дахин шүүмжиллээ. Тэрбээр хэрвээ ардчилсан намынхан хилийн аюулгүй байдлыг хангахын тулд Мексикийн хил дээр хана барих ажилд тодорхой төсөв суулгахыг дэмжихгүй, мөн цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө Бүгд Найрамдахчуудыг дэмжиж саналаа өгөхгүй бол Засгийн газрын үйл ажиллагааг зогсооно хэмээн сүрдүүлжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн байна.

Мөн Трамп АНУ-ын Конгресс дэлхийн хамгийн муу, муухай цагаачлалын хуулийг засах тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг тэмдэглэв.

“Зарим хүмүүс хүүхэдтэй эсэхээсээ үл хамааран хууль бусаар АНУ-ын хилийг давж байна. Тэдний ихэнх нь “хорон” санаагаа хэрэгжүүлэхийн тулд хүүхдээ ашиглаж байна” гэж Цагаан ордны тэргүүн хэлэв. 

Сануулахад, ирэх арваннэгдүгээр сарын 06-нд АНУ-д сонгууль болно. Сонгуулийн дүнд Конгрессийн төлөөлөгчдийн танхим шинээр бүрдэнэ.

Эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцэл нь АНУ-ын түүхэн дэх хамгийн зардал ихтэй сонгууль байх болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээлж байна. Тодруулбал, The New York Post мэдээлж буйгаар, одоогоор Ардчилсан болон Бүгд Найрамдах хоёр нам телевизийн зар сурталчилгаанд нэг тэрбум ам.доллараас илүү хөрөнгө зарцуулаад байгаа ажээ. Сонгуулийн кампанит ажлын нийт зардал нь ойролцоогоор 1.6 тэрбум ам.доллар болно гэж судлаачид таамаглаж байна.

Дональд Трамп өмнө нь хилийн аюулгүй байдлыг хангаж, хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Тэрбээр хүчин төгөлдөр үйлчилж буй цагаачлалын хуулийг “дэлхий дээрх хамгийн тэнэг хууль” гэж нэрлээд байгаа билээ. Мөн улсын хилийг нээлттэй байлгахыг зорьдог ардчилсан намынхан бол чадваргүй, тэдний байр суурь үндэсний аюулгүй байдалд харшилж байна хэмээн үздэг билээ.

ТРАМПЫН БЭЛЭГ ТЭМДЭГ – ХАНА

Трампын дээрх мэдэгдэл нь дотоодын аюулгүй байдлын салбарын ирэх жилийн төсөв дорвитой нэмэгдэхгүй, ахиц дэвшил гарахгүй байгаатай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

“Ирэх аравдугаар сарын нэгэн буюу АНУ-ын шинэ төсвийг зарцуулж эхлэхтэй зэрэгцэн дээрх төсөл батлагдсан байх шаардлагатай. Одоохондоо ардчилсан намынхан улс төрийн шалтгаанаар 1.5 тэрбум ам.доллараар хана барих төсвийг суулгахаас зайлсхийж байна. Тэд тус ханыг улсын цагаачлалын шинэ бодлогын бэлэг тэмдэг байхаас гадна АНУ хаалттай орон болно гэж үзэж байгаа ажээ. Мөн тэд энэ мэт жижиг төсөлд зарцуулах төсөв байхгүй гэдгийг онцолж байгаа билээ.

Трампын энэхүү мэдэгдэл нь ирэх сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг гэж харж болно. Трамп өөрт нь саад болж буй хүнд сурталтнуудыг сүрдүүлж эхэллээ. Учир нь, АНУ-ын Конгрессын голлох суудлыг Обамагийн үед гарч ирсэн төлөөлөгчид бүрдүүлж байгаа. Иймээс Трамп Конгрессын одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилнө гэж сүрдүүлж байгаа. Мөн тэрбээр амлалтаа биелүүлж чаддаг хүн гэдгээ дахин харуулахыг хичээж байна гэж судлаачид онцолжээ. 

ХИЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2018 оны хавар АНУ-ын Хууль зүйн яам хууль бус цагаачидтай холбоотой 'Үл тэвчих” бодлогыг зарласан. Ингээд АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэр бүлийн насанд хүрэгчдийг нь баривчилж, хүүхдүүдийг нь тусгай асрамжийн төв рүү илгээсэн.

Энэ бодлого нь нийгэм болон улс төрийн хувьд шүүмжлэл дагуулсан тулд Цагаан ордны тэргүүн өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд хууль бус цагаачдын гэр бүлийг тусгаарлах тушаалаа цуцалжээ.

Энэ төрлийн арга хэмжээг АНУ-ын экс-ерөнхийлөгч /Жорж Буш болон Барак Обама/ нарын үед ч авдаг байсан гэнэ. Тухайн үед хорих анги, асрамжийн төвийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү дор байсан аж. Эдгээр мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаггүй байсанд Дональд Трамп анхаарал хандуулсан гэж судлаачид онцлов.

Тодруулбал, Drudge Report мэдээлж буйгаар Обамагийн үед цагаачдын хүүхдүүдийг торны цаана суулгаж, тугалган цаасаар хийсэн бүтээлгээр хучиж байсан. Энэ сэдвийг “хуурамч” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд огт хөнддөггүй хэмээн Трамп онцолжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээллээр, 2018 оны долдугаар сарын 27-нд хил дээр гэр бүлээсээ хагацсан 1820 хүүхдийг гэр бүлд нь буцааж нийлүүлсэн гэв. Хэдийгээр долдугаар сарын 26-ны өдөр гэхэд хил дээр гэр бүлээсээ хагацсан хүүхдүүдийг бүгдийг нь гэр бүлд буцаах ажил дуусах ёстой гэсэн шүүхийн шийдвэр байгаа ч өнөөдрийн байдлаар 700 гаруй насанд хүрээгүй тав хүртэлх насны хүүхдүүд тусгай асрамжийн тусгай төвд байгаа ажээ. 

 

сэтгэгдэл үлдээх