З.БОЛОРМАА: НИЙСЛЭЛД 2-5 НАСНЫ ХҮҮХДИЙН 78 ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягаар энэ сарын 25-наас ирэх сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаагаас дараах мэдээллийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх 2-5 настнуудын бүртгэл эхлээд байна. 2018-2019 оны хичээлийн жилд хэдэн цэцэрлэгт хичнээн хүүхэд хамрагдах боломжтой байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн нийт 231 цэцэрлэг бүртгэлтэй. Үүнээс есөн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн учир энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулахгүй. Мөн бүх бүлэг нь 24 цагийн үйл ажиллагаатай дөрөв, тусгай хэв шинжийн хоёр, сувиллын ясли гурав гээд есөн цэцэрлэгийн бүртгэл цахимаар бус уламжлалт хэлбэрээр явагдана. Ингээд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаанд  213 цэцэрлэг хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах нийт 146 мянган хүүхэд байгаагаас 78 хувийг нь хамруулах урьдчилсан дүн мэдээ гараад байгаа.

-Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн цахим бүртгэлийг зөвхөн хоёр настнуудын дунд бус нийтэд нь зохион байгуулна гэсэн. Хуучин хүүхдүүд хэрхэн цахим бүртгэлд хамрагдах вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн цахим бүртгэлийг явуулж эхэлсэн. Тухайн жилд зөвхөн шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэсэн бол 2018-2019 оны хичээлийн жилд өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр төрийн өмчийн цэцэрлэгт элсэж байгаа бүх хүүхдийн бүртгэл цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг юм. Өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах мэдээллийг хичээл тарах үеэр эцэг, эхчүүдэд мэдэгдсэн. Тиймээс хуучин хүүхдүүдийн цахим бүртгэлийг хэрхэн хийх тухай заавар www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтад гарсан. Тодруулбал, тус сайтын бүртгэл гэсэн цэсэнд хүүхдийнхээ регистрийн дугаар, баталгаажуулах код, мэдээлэл авах утасны дугаараа оруулснаар бүртгэл баталгаажна. Хамгийн гол нь, шинээр элссэн, бүртгэлээ баталгаажуулсан гээд бүх хүүхэд энэ сарын 27-29-нд ажлын цагаар цэцэрлэгийн захиргаатай байгуулсан гэрээгээ шинээр хийх ёстойг анхааруулж байна. Бид Боловсролын мэдээллийн нэгдсэн сангаас үргэлжлүүлэн суралцах хүүхдүүдийн мэдээллийг авсан бол шинээр элсэгчдийн мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан. Иймд бүртгэлгүй үлдэх хүүхэд гэж гарахгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэгийн бүртгэлийг дурдсан хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтад баталгаажуулж хийгээрэй.

-Цахимаар хүүхдийнхээ бүртгэлийг хийх боломжгүй байгаа хүмүүсийг яах вэ?

-Хэрэв интернет орчинд ажиллах боломжгүй тохиолдолд бүртгэл явагдаж буй 30 хоногийн хугацаанд тухайн дүүргийнхээ Боловсролын хэлтэст очиж дэмжлэг авах боломжтой. Мөн ирэх сарын 13-наас нийслэлийн хэмжээнд цахим бүртгэл явуулж буй бүх цэцэрлэг дээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэжилтнүүд ажиллаж эхэлнэ.

-Зарим эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэхээр 0 гэсэн тоо заагаад бүртгэхгүй байна хэмээн гомдол гаргаж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Шинээр элсэх хүүхдүүдийн хяналтын тоог өнгөрсөн хавар дахин гаргасан. Хүүхдүүд шилжсэн эсэх, шинээр орон тоо гарсан эсэхийг нягталсан гэсэн үг. Жишээлбэл, таван настнуудад таван хүүхдийн орон тоо гарсан бол шинэ элсэгч авна. Гараагүй бол авахгүй гэсэн үг. Эцэг, эхчүүдийн элсэлтийн тоо 0 гэж заагаад байгааг асуух нь зөв. Элсэлтийн тоо 0 гэж зааж байгаа асуудал зөвхөн 3,4,5 настнуудын дунд гарч байгаа. Энэ бол өнгөрсөн хичээлийн жилийн тухайн насны хүүхдүүдийн тоон дээр нэмэлт элсэлт авах боломжгүйг хэлж байгаа юм. Иймд элсэлтийн тоо 0 гээд бүртгэл нь цааш явагдахгүй гэсэн үг. 

сэтгэгдэл үлдээх