“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” НОГДОЛ АШИГ ТАРААХАД ОЙРХОН БАЙНА

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” НОГДОЛ АШИГ ТАРААХАД ОЙРХОН БАЙНА

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр /2018.07.30/ танилцуулав.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарчээ. Тус компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгаа аж. Үүнээс татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тайландаа онцоллоо.  

Компанийн санхүү төсөв эерэг дүнтэй гарсан тул зарим төсөл хөтөлбөрөө өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх 'бяд'-тай болсон гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн орлогын гол эх үүсвэр бол нүүрс байдаг. Тэр утгаараа “Чалко Трейдинг Хонгконг” компанитай хэлэлцээр хийж, нүүрсний суурь үнийг 61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулсан байна. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч “Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Харин нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлэх аж. Хоёрдугаарт, баруун цанхийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоожээ.

Эдийн засгийн статистик үзүүлэлтээс гадна ажилчдын нийгмийн асуудалд ахиц гарсан гэв. Тухайлбал, ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар өсгөсөн, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин нэмсэн, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг 15 хувьд хүргэсэн гэх мэт таатай мэдээллийг Б.Ганхуяг захирал дурдав.  

Монгол Улсын 2,5 иргэн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компани ийнхүү ашигтай ажиллаж байгаа нь ногдол ашиг хүртэхэд ойрхон байгаагийн илрэл юм. Гэтэл харамсалтай нь 393-хан иргэн бүртгэлийн данс нээлгэжээ. Тиймээс иргэд 1800-1072 тусгай дугаарт холбогдож шаардлагатай мэдээллээ аваад, “Эрдэнэс–Тавантолгой”-н хувьцааны дансаа нээлгэх боломжтой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mews.mn

сэтгэгдэл үлдээх