Засгийн газрын хуралдаанаар ЗТХЯ-ны сайд, дэд сайд, ТНБД, газрын дарга нарыг ажлаас нь чөлөөллөө

08 сарын 09-нд оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байрны гадна хүн амины хэрэг гарсан. Түүнчлэн өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км орчимд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга болон холбогдох албаны хүмүүс архидан согтуурсны улмаас хүний амь хохирсоныг та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газрын зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газрын тэргүүний хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монгол Улсын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хоёр зорилт дэвшүүлж ажилласан. 

Нэгдүгээрт төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам, ажлын хариуцлага  дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах зорилт тавьсан. Хоёрдахь зорилт маань хэрэгжиж байгаа. Улсын маань эдийн засаг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авахад 1.2 хувийн өсөлтэй хүндхэн байсан. Одоо эдийн засгийн бодит өсөлт 6.2 хувь хүрсэн. Энэ намар гэхэд найман хувьд хүрэх бодит боломж бидэнд байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүгийн хэрэгжилт амжилттай хрээгжиж байна. Тус сангийн мэргэжилтнүүд ирж үнэлэлт дүгнэлт өгсөн. Манай улсын эдийн засаг сэргэх аятай таатай нөхцөл байдал үүссэн. Бидэнд ололт амжилт байна.

Гэтэл үүний хажуугаар дутагдал бас гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Тэр тусмаа Монгол Улсын төрд ажилаж байгаа төрийн албан хаагч нар, яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч биенийхээ эрдэнэт амь насыг хөнөөсөн явдал үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлал хүсч байна. Сахилга хариуцлагыг шат шатандаа бэхжүүлэх ёстой гэдгийг энэ явдал маш тод харууллаа. Цаашдаа энэ асуудалд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг дахин дахин мэдэрлээ.

Тиймээс зам тээвэр, Хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох дарга нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарыг ёсзүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үнэдслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Парламентаар энэ асуудлыг эцэслэн шийдтэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Зам тээвэр, хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэх болно.

Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа ухамсарлаж үүрэгт ажлаа өгөх хүсэлтээ гаргасаныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлагыг, дэг журмыг чангатгах ёстой. Ард иргэд маань үүнийг хүсч хүлээж, Монголын төрөөс шаардаж байгаа. Энэ шаардлагад нийцүүлж ажиллах үүрэгтэй, ёстой гэж үзэж байгаа учраас өнөөдрийн шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Цаашдаа бид ажлаа сайжруулж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, төрийн албыг төрийн алба шиг, хууль дүрэм хэрэгждэг байдлаар төлөвшүүлэх ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмнээсээ чин сэтгэдээсээ уучлал хүсч байна. Цаашид алдаа дутагдлаа засч сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе” гэлээ.

сэтгэгдэл үлдээх