АТГ-ын даргыг солих Ерөнхийлөгчийн "санаархал"

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солих ажиллагаа дахин амиллаа. Дэгсдүүлж хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч болж тангараг өргөсөн цагаасаа хойш АТГ-ын даргыг солих дарамт шахалтаа эхлүүлсэн гэхэд болно. Бүр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өрөөндөө дуудаж уулзаад, ажлаа өгөхийг шаардсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. 

Улмаар АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно хэмээн олон нийтийн дунд санал асуулга явуулаад ч амжсан. Гэвч АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөхгүй гэж гэдийснээр энэ шуугиан хэсэг намжаад байсан юм. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргыг авч хаях санаархлаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр гүйцэлдүүлж эхэлсэн. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн Ерөнхийлөгчтэй агаар нэг үндэслэлээр УИХ-ын даргад АТГ-ын даргыг солих, өөрчлөх шаардлагыг хүргүүлээд байгаа юм. 

Харин энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс АТГ-ын даргыг солих, өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьсан. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаад энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд эрх зүйн үндэслэл байна гэвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар ярьж болох юм гэсэн шийдвэр гарсан. Тэр хүрээнд долоодугаар сарын 20-ноос хойш ХЗБХ хуралдах оролдлого хийж байна" гэх тайлбарыг өгөөд байна. 

Юутай ч Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын хүсэлтийг дагуу АТГ-ын даргыг солих, өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч Хууль зүйн байнгын хорооны ирц хүрэхгүйн улмаас хэд хэдэн удаа хойшлоод байна. Энэ нь магадгүй ирц хүрэхгүй байгаагаас бус гишүүдийн зүгээс АТГ-ын даргыг солих шаардлагагүй гэж үзэн хурлыг хуралдуулахыг хүсэхгүй байж болох юм. Хуулийн дагуу АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд 2016 оны долдугаар сард томилогдсон гэхээр бүрэн эрхийн хугацаа нь дуусахад дөрвөн жилийн хугацаа дутуу байна. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байхад Ерөнхийлөгч АТГ-ын даргыг солихоор ийнхүү улайрах нь ямар нэгэн учир байж болзошгүй хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийсээр байна. Магадгүй тэрбээр алдарт "Төмөр замын" хэргээ нуун дарагдуулах бас бус өөр зүйлсээс болж ийнхүү АТГ-ын даргыг солихоор улайран зүтгэж байгаа хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Ер нь хуулийн байгууллагын дарга нарыг байн байн, ялангуяа улс төрийн томилгоогоор ийнхүү сольж, өөрчлөх нь шударга бус зүйлийн эхлэлийг тавьж байгаагаас өөрцгүй. Улс төрийн томилгоогоороо л оролдож, өөрсдийн хүнээ томилно уу гэхээс хуулийн байгууллагын дарга нарыг ингэж гарын хөлийнхөө үзүүрээр хөдөлгөмөөргүй байгаа юм. Харин АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд үнэхээр шүд зуун тэвчиж чадаж байна.  Нөгөө талаасаа Ерөнхийлөгчийн "судсыг атгах" баримт байгаа учраас ийнхүү тэмцэлдэж, мөчөөгөө өгөхгүй зүтгэж байж мэдэх. Тэр ч утгаараа муу нэртэй холбогдоод буй нэрээ цэвэрлэж, бусдыг "намнах" зэвсэг хэмээн харж байхыг ч үгүйсгэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол тухайн улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ажил урагшлуулахгүй, нэг хууль батлахад л байнга хориг тавьж саад хийх, эсвэл хэн нэгэн албан тушаалтныг нааш цааш хөдөлгөх тал дээр л илүүтэй ажилласаар байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоод жилийн нүүр үзэж байгаа ч иргэдээс хүлээсэн итгэлээ төдийлөн хүлээхгүй байна. Угтаа бол эх орноо олон улсын түвшинд төлөөлөх, эв нэгдлийг хамгаалах л Ерөнхийлөгчийн үүрэг билээ.

Б.Анир zaluu.com

сэтгэгдэл үлдээх

ИРГЭН

  • [192.168.1.1]
  • 2 Сар

СОЛИХ ХЭРЭГТЭЙ ,