БСШУСЯ-ны ТНБД-ыг томиллоо, Эрүүл мэндийн яам яах бол

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдон Засгийн газраа байгуулж байв. Энэ хүрээнд бүхий л хүрээний томилгоог тэд хийсэн. Сайд нарын томилгооноос илүүтэй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо маш чухал. Учир нь тухайн яамдын гал тогоог зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга барьж явдаг. Тиймдээ ч мэргэжлийн болоод ур чадвартай хүмүүсийг томилсон билээ. Сануулахад Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Л.Баяртулгыг ХХААХҮЯ-ны, Г.Баясгаланг ХЗДХЯ-ны, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Б.Баярсайханыг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон.

Гэтэл өнгөрсөн онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг “салбараа, алба хаагчдыг удирдлагаар ханган ажиллаагүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг мөн адил ажлаас чөлөөлсөн билээ.

Б.Баярсайханы хувьд Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг “үндэслэлгүй” хэмээн үзэж шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл саяхан Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарч, ажилдаа ороод буй юм.

Засгийн газар сахилга баттай, хууль дүрмээ баримтлан ажиллахаа удаа дараа мэдэгдэж байгаа. Тиймдээ ч шүүхийн шийдвэрийг биелүүлж БСШУСЯ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажилд нь томилсон нь зөв шийдвэр хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн сүүлийн үед боловсролын салбарт гараад буй цалин мөнгө, багш нарын ажил хаялт, оюутнуудын жагсаал цуглаан зэрэг асуудлуудад Төрийн нарийн бичгийн дарга нь гол анхаарлаа хандуулж эхэлжээ.  Тиймээс БСШУСЯ-ны үйл ажиллагаа жигдэрч байгааг сайшаах хүмүүс цөөнгүй байна.

Үүнээс гадна анхаарал хандуулах бас нэг асуудал байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл Төрийн нарийн бичгийн даргын Түр орлон гүйцэтгэгчтэй ажил үүргээ явуулсаар байна. Иймд Эрүүл мэндийн яам ч мөн адил  яагаад Д.Очирбатыг эгүүлэн томилж болохгүй гэж. Учир нь Д.Очирбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж шүүхэд хандаад удаж байна. Харин түүний шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд “ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй” хэмээн үзжээ. Тиймээс Д.Очирбатыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоход асуудал алга. Засгийн газар хууль дүрмээ баримтлан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажилд нь эгүүлэн томиллоо. Харин Эрүүл мэндийн яамны ТНБД-ын асуудлыг хэрхэх бол.

 

Б.Наран

сэтгэгдэл үлдээх