З.Мэндсайхан: Яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй асуудал гараагүй

АТГ-аас "Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаас зарим нэг зүйлийг асууж тодрууллаа.

 -АТГ-аас энэ сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Мэдээллээрээ Эрчим хүчний яамнаас зарласан тендерт уг салбарын албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж байгаа компани шалгарсан талаар мэдээлсэн. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

 -Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөж ажилладаг. Уг хуулийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог бараа, ажил, үйлчилгээ тус бүрд байгуулдаг. Хуулиараа үнэлгээний хорооны гишүүнд тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх, сүүлийн гурван жилийн хугацаанд тендерт оролцогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй байх, хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх, тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх зэрэг шаардлагууд тавигддаг.

Мөн үнэлгээний хорооны гишүүнийг хууль журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Түүнчлэн үнэлгээний хорооны гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдлийг гаргадаг. Иймээс тус яамнаас төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуульд заасан дээрх шаардлагуудын хүрээнд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй гэх асуудал гараагүй. Салбарын үйлдвэр, компаниудын хувьд бие дааж тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг тул өөрийн байгууллагын хэмжээнд хууль журмыг сахиулан ажиллах үүрэгтэй.

-Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрлийн асуудал бас яригдаж байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

 -Яамнаас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжүүлээд байна. Ингэснээр шуурхай, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтойгоос гадна албан тушаалтны аливаа нөлөөллөөс ангид байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээдүүдийн боловсон хүчний давхцалыг арилгаж байна.

-Засгийн газраас 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд Эрчим хүчний ямар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

 -Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа тасралтгүй, найдвартай явагдахад хариуцлагын асуудал чухал үүрэг гүйцэтгэдэг. Яам болон салбарын хэмжээнд сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр тухай бүр үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. Мөн салбарын хувьд 2018-2019 оны өвлийн бэлтгэлийг хангах ажилд анхаарал тавин ажиллаж байна.

Б.Анир

сэтгэгдэл үлдээх