Эрчим хүчний тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компанийг зарлалаа

АТГ-аас энэ сарын 27-ны өдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн мэдээлсэн. 

Харин уг асуудалд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Өнгөрсөн хугацаанд манай яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй гэх асуудал гараагүй. Салбарын үйлдвэр, компаниудын хувьд бие дааж тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг тул өөрийн байгууллагын хэмжээнд хууль журмыг сахиулан ажиллах үүрэгтэй" гэсэн тайлбарыг өгсөн билээ. 

Тэгвэл АТГ-аас тендер авсан компаниудын нэрийг зарлалаа. Үүнд: 

  • “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • “Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөгийн тендер авсан байна. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх