АЗИЙН СПОРТЫН НААДАМ-2018 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Азийн спортын арван наймдугаар наадмын тэмцээнүүд Индонез улсын Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжилж, хаалтын ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт болсноор ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд оролцохоор Ази тивийн нийт 11 мянга гаруй тамирчин Индонез улсад цуглав. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ.

Ням гарагт “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнд болсон хаалтын ёслолын ажиллагааны үеэр дараагийн Азийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг Хятад улсад гардуулан өгсөн бөгөөд "Азийн спортын наадам-2022" тэмцээнийг Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулах ажээ.



“Манай улсын хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо” гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо уг наадмын хаалтын ёслолын ажиллагааны үзэгчдэд хандан Ломбок арлаас илгээсэн мэндчилгээндээ онцлон тэмдэглэжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сараас хойш хүчтэй газар хөдлөлтөд удаа дараа нэрвэгдсэн Ломбок арал дээр очиж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчидтай биечлэн уулзаж байгаа юм байна.

сэтгэгдэл үлдээх