“COAL MONGOLIA” ЧУУЛГА УУЛЗАЛТ “ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛД ХАМТДАА!” УРИАН ДОР МАРГААШ ЭХЭЛНЭ

Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг нүүрсний зах зээлийн худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia” чуулга уулзалт-үзэсгэлэн “Технологийн дэвшилд хамтдаа!” уриан дор маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна.
“Coal Mongolia-2018” чуулга уулзалтыг УИХ, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, БНХАУ-ын Нүүрс тээвэр түгээлтийн Холбооны Ерөнхийлөгч, "Хятадын Үндэсний нүүрс Ассоциаци"-ийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал, Ян Сианфенг, чуулганыг хамтран зохион байгуулагч "Фэнвэй Энержи Информэйшн Сервисез" компанийн төлөөлөл Чан Вай Күэн нар нээж, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мэргэн “Монгол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?” сэдвээр, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийнхаа бизнесийн хөгжлийн шинэ чиг хандлагаар, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Э.Кокинэн “Техник, технологи ба уул уурхайн бүтээмж” сэдвээр, “АОДЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Боргил “Бага өртөгөөр өндөр бүтээмж-бодит үр дүнд хүрэх нь” сэдвээр тус тус илтгэл тавих юм.
“Coal Mongolia” Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулагдаж ирсэн юм. Энэ удаагий чуулга уулзалт нь Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн үед болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд барьж зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаар онцлог юм гэж зохион байгуулагчид үзэж байна. Есдүгээр сарын 4-5-нд “Шангри-Ла” зочид буудалд чуулах 8 дахь удаагийн “Coal Mongolia-2018” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс Ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байна.

сэтгэгдэл үлдээх