Жорж Чен: Фэйсбүүкт МОНГОЛ ХЭЛийг нэвтрүүлэх боломжийг бид судалж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар монголчуудын 81 хувь нь олон нийтийн сүлжээ ашигладаг бөгөөд өдөрт дунджаар хоёр цагийг энэ хэрэглээнд зарцуулдаг байна. Түүнчлэн бүс нутагтаа манай улс интернэт ашиглалтаараа дээгүүр эрэмбэлэгддэг. Тэгвэл Монгол Улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернэтийн индекс-2018” судалгааны affordability буюу хэрэглээний үзүүлэлтээрээ Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Фэйсбүүк компанийн анхаарал хандуулах нэг томоохон цэгт зүй ёсоор орж буйг дээрх үзүүлэлт харуулж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тус компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ХХЗХ-нд ажиллаж, компанийнхаа олон нийтийн стандартын танилцуулгыг хийж, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсон юм. 

“ФЭЙСБҮҮКИЙН БҮРТГЭЛ ХИЙХ СИСТЕМЭЭ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ШААРДЛАГА БАЙНА”

 

Гэрэл зургийг MPA.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэнгээс байр суурийг нь сонссон юм. Тэрбээр “Бид Фэйсбүүк компанийн төлөөлөлтэй дэлхий нийт болон Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцлаа. Тэр дундаа хамгийн чухал сэдэв болох хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх  эрх чөлөө, бизнесийн орчныг хүндэтгэх, хувь хүний нууцлалыг хамгаалах зэрэг асуудлуудыг хөндсөн. Цаашид бид нийгмийн сүлжээгээр дамжин гарч буй хүний хувийн мэдээллийг тараах, доромжлох, залилах зэрэг элдэв хууль бус үйл ажиллагаа, хуурамч хаягтай тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж, богино хугацаанд үр дүнд хүрэх талаар ярилцлаа. 

Харилцаа холбооны зохицуулах газар, Фэйсбүүк компани хууль бус үйл ажиллагааны эсрэг хамтран ажиллана 

 

Эхний ээлжинд хуурамч хаягийг хэрхэн илрүүлж тогтоох тухай ярьсан бол дараагийн асуудал нь хуурамч мэдээлэл байлаа. Үүнийг шууд хуурамч гээд тогтоох боломжгүй хэдий ч мэдээллийг шалгаж, аль болох нийгэмд буруу зүйл хүргүүлэхгүй байх талаар ажиллана. Хуурамч мэдээлэл мөн эсэхийг Фэйсбүүкийнхэн өөрсдөө ч мэдэх боломжгүй тухайгаа ярьж байна. Эзнийг нь тогтооно гэвэл манай байгууллагын асуудал биш болно. Бид бүх хаягийг бүртгэнэ гэж байхгүй. Тийм учраас хамгийн эхний ээлжинд Фэйсбүүкийн бүртгэл хийх системээ ойлгомжтой болгох шаардлага байна. Тухайлбал, бусад улс орон Фэйсбүүк хаяг нээхдээ утасны дугаарыг бртгэлжүүлдэг. Манайд бол и-мэйл хосолсон бүртгэл явж байгаа. Бүртгэл үнэн зөв байх нь хуурамч мэдээллийг ялгаж салгахад чухал ач холбогдолтой тул энэ чиглэлээр хамтран ажиллана” хэмээн ярилаа.

“ФЭЙСБҮҮКИЙГ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ СУРТАЛЧЛАХАД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАЖ БАЙНА”

 

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чентэй ярилцлаа. 

-Монголд ирж ажиллаж буйн хувьд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хувьд болон манай компанийн төлөөлөл анх удаа Монгол Улсад ирж ажиллаж байна. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзаж байгаадаа баяртай байна. Фэйсбүүкийн баг ажилчид олон төрлийн асуудлыг шийдэх зорилгоор хамтран ажиллаж байдаг. Манай хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр бид илүү их шинэ хүмүүсийг өөрийн багтаа авч, хэрэглэгчдийн нууцлал болон аюулгүй байдалд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.
Монголын хэрэглэгчидтэй илүү ойр байж, тэдэнд дэлхийд болж буй үйл явдлуудыг илүү хурдан хүргэхийн тулд Фэйсбүүкт монгол хэлийг нэвтрүүлэх боломжийг бид судалж байна.

-Монгол Улсын Фэйсбүүк хэрэглэгчдийн тоог нарийвчлан гаргасан байдаг уу. Нийт хэчнээн хэрэглэгч бүртгэлтэй, хэд нь идэвхтэй байдаг вэ?

-Монгол хүмүүс Фэйсбүүкийг маш дуртайяа хэрэглэж, залуус Инстаграмыг мөн өргөн ашиглах болсныг бид харж байгаа. Монгол Улсад Фэйсбүүкийн нийт 2 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Хэрэглэгчид зөвхөн чөлөөт цагаа өнгөрөөх байдлаар Фэйсбүүкийг ашиглахаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлахад түгээмэл ашиглаж байна. Монгол Улс гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнээр алдартай гэдгийг бид мэднэ. Ирээдүйд бид Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран нийгэмд Фэйсбүүкийн үнэ цэнэ, хүчин чадлын сурталчлах болон бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах боломжтой.

-Фэйсбүүк компани улс орнуудад өөрийн албан ёсны төлөөлөгчийн газартай байдаг. Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулах төлөвлөгөө бий юү. Хэрэв үгүй бол манай улс аль орны эдийн засагт харьяалагдаж байна вэ?

-Улс болгон компанийн төлөөлөгчийн газартай байна гэдэг бэрх. Би өөрөө Ази Номхон далайн бүсийн гишүүн, Монгол Улс манай бүс нутагт харьяалагддаг. Монгол, Тайвань болон Хонг Конгийн үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгчийн газар Хонг Конгт байдаг. Улаанбаатараас Хонг Конг хүртэл шууд нислэгтэй байдагт би маш их баярлаж байна.

-Нууц биш бол Монгол Улс дахь Фэйсбүүкийн хэрэглээ, зар сурталчилгаанаас хэдий хэмжээний орлого ордог тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Би бизнесийн газрын хүн биш болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Зөвхөн нэг улсаас орж ирж буй мөнгийг тодорхойлох амаргүй. Яагаад гэвэл интернэт орчин дахь бизнесийн хязгаарыг тогтоох бэрхшээлтэй.

-Цаашид та бүхэн ямар байдлаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бол?

-Бид Монголын төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ долоо хоногийн сүүлээр бид товлосон төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгуулна. Ингэснээр төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага болон түншүүддээ Фэйсбүүкийг илүү үр дүнтэй хэрэглэх талаар мэдээлэл өгч туслах юм.

 

Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд байх гурван өдрийн хугацаандаа ЗГХЭГ, төрийн болон хувийн байгууллагынхантай уулзалт, сургалт зохион байгуулсны үр дүнд тулгуурлан цаашид Монгол Улстай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хэрхэн ажиллахаа тодорхой болгох юм. 

сэтгэгдэл үлдээх