Ажил хаялт зарласан цэцэрлэгийн тоо 10 болж буурч, сургуулийн тоо 58 болж нэмэгдлээ

Багш нарын цалинг 8-14 хувиар нэмсэн ч багш нар 50 хувиар нэмэгдүүлэх ёстой хэмээн энэ сарын 3-наас ажил хаялт зарласан. Ажил хаялт зарласан сургуулийн тоо 45 байсан бол өнөөдрийн байдлаар 54-т хүрчээ. Харин өчигдөр 33 цэцэрлэгийн багш ажил хаялтад нэгдсэн ч өнөөдрийн байдлаар 10 болж буурсан байна. Цэцэрлэгийн багш нарын ажил хаялтад оролцохоос татгалзсан дүүргийн боловсролын хэлтсээс дарамт ирсэнтэй холбоотой гэнэ.

Энэ талаар МҮЭ холбооноос тодруулахад “Дээрээс ирсэн дарамт шахалтаас болоод 33 цэцэрлэгийн багш ажил хаях байсан ч өнөөдрийн байдлаар 10 хүрээд байна” гэлээ.

Гэхдээ өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар МҮЭ-ийн удирдлагуудтай уулзсан.

Тодруулбал, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг нар хүлээн авч уулзалдан үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя" гэсэн юм. 

Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй. Ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаа" хэмээн хариулсан байна.  

Юутай ч ЗГХЭГ-ын газрын зүгээс МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Х.Соёл-Эрдэнэ

сэтгэгдэл үлдээх