Автомашинуудыг тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оруулахыг ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах санал асуулгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдээс авсан. Гэвч санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь дэмжээгүй, сошиалаар мөн иргэд ихээхэн шүүмжилсэн тул уг санал цуцлагдсан юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, "Автомашинуудыг замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор нь явуулж өгөөч” гэсэн хүсэлтүүд ирж байна. Тиймээс энэ асуудлыг дахин бодолцоно" хэмээн мэдээлсэн.

Тэгэхээр тун удахгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор нь оролцуулах эсэх асуудал дахин яригдаж эхлэх нь. 

Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. 

 -Иргэдээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч”  гэсэн хүсэлт ирж байгаа гэсэн. Танайд тийм хүсэлт хэр их ирж байна вэ?

-Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэгш сондгойгоор нь  явуулж өгөөч гэсэн хүсэлт ихээр ирж байгаа. Гэхдээ одоогоор тэгш сондгойгоор хязгаарлана гэсэн шийдвэр тогтоол гараагүй.

-Хэрэв тэгш, сондгойгоор явуулбал одоо байгаа ачаалал хэдэн хувиар буурах боломжтой вэ?

-Одоо байгаа ачаалал бараг 50 хувиар буурах боломжтой.

-Өдөрт дунджаар хэдэн машин замын хөдөлгөөн оролцож байна?

-Яг энэ ачаалалтай өдрүүдэд өдөрт дунджаар 400 мянга гаруй машин замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бол маш их тоо. Гэтэл хүмүүс яармагийн гүүрнээс 1-р сургууль хүртэл 3 цаг гаруй явлаа. Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ. Ажлаа хийсэнгүй гэж бидэнд хандаад байна. Яг үнэндээ цаг нар сайн ажиллаж зохицуулалт хийж байгаа тулдаа л тэд 3 цаг явж, хоцроод ч болов ажил хичээлдээ очиж байгаа. Энэ олон машиныг  үүнээс илүүгээр зохицуулж үнэндээ хүчрэхгүй байна. Тиймээс энэ үүссэн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авахгүй бол удахгүй бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, замууд хаагдаад эхлэхээр нөхцөл байдал улам хүндэрч, замын цагдаа нар хүчрэхгүй хэмжээнд хүрнэ.

Харин энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

Н.Ганцэцэг: Жаахан амьдралтай юм ярьвал зүгээр юм сан

-Яг одоогийнх шигээ долоо хоногт нэг өдөр гарахгүй хэвээрээ байсан дээр гэж бодож байна. Тэгш сондгойгоор хягаарлахаар долоо хоногт дор хаяж хоёр өдөр гарахгүй болчихож байгаа юм. Нэг л өдөр машингүй явахад, хүүхдээ хүргэж өгөхөд хүртэл асуудал гарч байхад, хоёр гурван өдөр гардаггүй болчихвол бүр баларсан юм болно биз дээ.  Жаахан амьдралд нийцсэн юм ярьвал зүгээр юм сан.

н.Сэлэнгэ: Хэрвээ тэгш сондгойгоор явбал машины тоо их хэмжээгээр нэмэгдэнэ

- Ямар хүмүүс нь тийм санал гаргасан юм бол доо. Үнэхээр ойлгохгүй юм. Хэрвээ тэгш сондгойгоор явбал машины тоо их хэмжээгээр нэмэгдэж хэдэн жилийн дараа тэгш сондгойгоор нь хязгаарлаад ч чадахааргүй их машин их түгжрэлтэй болно. Тэгж байхаар гүүр энэ тэрээ бариад замынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй.

М.Сэргэлэн: Түгжрэлгүй байна гэдэг чинь ажлын бүтээмж өндөрсөнө гэсэн үг

-Тэгш сондгойгоор явуулсан нь дээр гэж бодож байна.  Ядаж л түгжрэлгүй байна гэдэг чинь ажлын бүтээмж өндөрсөнө гэсэн үг шүү дээ. Ажил төрөл ч хурдан амжина түгжрээнд цагаа бараад байхгүй амар шүү дээ.

н.Буянхүү: Ядаж л ямар нийтийн тээврийн үйлчилгээтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй шүү дээ

-Тэгш сондгойгоор нь байтугай дугаарын хязгаарлалт нь буруу. Хүний эрхэнд халдсан, мөн автомашины татварыг бүрэн авдаг нь асуудалтай шүү. Энэ аргыг дэлхийн жишгээр зөвхөн тодорхой хугацаанд хэрэглээд дуусдаг. Энэ хэвээрээ бол бид тун удахгүй долоо хоногт ганцхан өдөр автомашин унах болох нь. Түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг явуулах хэрэгтэй. Тэрнээс биш иймэрхүү байдлаар иргэдийн эрхэнд халдаж болохгүй. Ядаж л ямар нийтийн тээврийн үйлчилгээтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй шүү дээ. Жаахан ачаалал ихсэхээр хүн нь багтдаггүй, оройн цагаар явдаггүй. Өвөл хүйтэн гээд маш олон асуудал л байгаа шүү дээ. Хэрэв тэгш сондгойгоор хязгаарлаад бүгд автобусанд сууна гэвэл ажил, сургуульдаа явж чадахгүй шүү дээ, нийтийн тээвэр нь 1-2 цаг хүлээлгэдэг, арай гэж ирсэн ч багтдаггүй.

Ц.ГанцогтУлаанбаатарын түгжрэл хүссэн хүсээгүй дэмжихээс өөр аргагүй болгож байна

-Түгжрэл бүр арай хэтэрхий болоод байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй дэмжихээс өөр аргагүй болж байна шүү дээ. Хичээл эхэлснээс хойш хичээл, ажилдаа хоцорч байгаа хүмүүс олон байгаа болохоор дэмжинэ гэж бодож байна. Би офицероос багшийн дээд хүртэл өглөө болгон дугуйтай ажилдаа явдаг. Түгжрэхгүй амар байдаг юм. Бусад хүмүүстээ ч гэсэн дугуй унахыг уриалмаар байна.

Э.ГэрэлмааБолохгүй бол дагуул хот байгуулах хэрэгтэй

-Худлаа шүү дээ хэн тэгж санал гаргасан юм бэ. Ард түмний нэрийг барьж санал энэ тэр гэж өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэхээ боль л доо. Улаанбаатар хотод тэгш сондгойгоор явуулах ямар боломж байгаа юм бэ. Байхгүй шүү дээ. Тэгж ямар ч хэрэггүй ажил хийж байхаар түгжрэлийг бууруулах олон улсын жишгийг судалж, арай өөр арга олох хэрэгтэй шүү дээ. Бүр болохгүй бол дагуул хот байгуулах хэрэгтэй.

Хэдийгээр автомашиныг тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оруулвал замын ачаалал 50 хувиар буурна гэж байгаа ч иргэдийнх нь ихэнх нь дэмжихгүй байр суурьтай байна. 

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх