УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ОРХОН АЙМАГТ БОЛЖ БАЙНА

 УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр”ХХК хамтран зохион байгуулж буй  Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулган өнөөдөр Орхон аймагт эхлэлээ. Төвийн бүсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд оролцож байгаа бөгөөд нэгдсэн хуралдаан нь “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр хуралдах бөгөөд салбар хуралдаанууд нь “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлнэ.

Анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг. 2016 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбартай эдүгээ 40 мянга гаруй хүн ажил, амьдралаа холбон хөдөлмөрлөж байна.

Улс орны эдийн засаг хямралтай үед төдийгүй хэвийн үед ч ачааны хүндийг үүрч ирсэн энэ салбарын үр өгөөжийг бодитой ойлгож, зөв мэдээлж, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах замаар нийгэм, эдийн засгийн бусад салбараа өөд татахыг нийтээрээ анхаарах цаг болсныг салбарынхан уриалж байна. Тиймээс салбарын 95 жилийн ойн хүрээнд Уурхайчдын өдрийг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг энэ чиглэлд хийх жилийн ажлын төлөвлөгөөгөө баталж, салбараа нийтэд таниулах ажлаа ийнхүү эхлүүллээ.

Чуулганы үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн А.Ундраа, Д.Дамба-очир, М.Амаржаргал, Г.Тэмүүлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Ашигт малтмал,газрын тосны газрын болон Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. 

Чуулганаар яригдсан олон асуудлын шийдэл шинээр боловсруулж буй “Уул уурхайн хууль”-д тусгалаа олох учиртай бөгөөд манай улс ийм хуультай болсноор геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болох юм.

М.Хандармаа

 

сэтгэгдэл үлдээх