“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГИЙН БАЙГУУЛСАН НҮҮРСНИЙ 8 ГЭРЭЭНИЙ АРД УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН, МАН-ЫН БАС НЭГ “ТОМ НӨХӨР” БАЙНА

Нүүрсний гэрээ хэмээх энгийн сайхан нэршилтэй нууц наймааны талаар улс төрийн хүрээнийхэн, “юм”-ны учир гадарладаг хүмүүс андахгүй.

Товчхондоо, Тавантолгойн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гэрээлэн борлуулдаг явцыг хэлж байгаа юм. Гэхдээ энэ гэрээг хийлгээд дундаас нь 1-2 ам.доллар “цохидог” бизнесийг “нүүрсний квот, нүүрсний гэрээ”-ний наймаа гэж ярьдаг болоод удаж байна.

Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Ганхуягийг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд томилж байлаа. Эхлээд үүрэг гүйцэтгэгчээр, сүүлд нь засгийн шийдвэрээр жинхэлсэн байдаг юм.

Б.Ганхуягийг захирал болсноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний найман гэрээ байгуулсан байна. Яригдаад, бэлтгэгдээд, хугацаагаа хүлээж байгаа олон гэрээ бий.

Юутай ч сэтгүүлч бид нэлээд эрж, сурсны дүнд ийм тооны гэрээний талаарх мэдээллийг олж авлаа. Хамгийн харамсалтай нь Б.Ганхуягийн байгуулсан эдгээр гэрээний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэр гараад ирлээ. Тусгаар тогтнолын ордонд суудаг бас нэг “том нөхөр” Б.Ганхуягт нүүрс худалдах гэрээг хэнтэй хийх, яаж хийхийг үүрэгдээд сууж байдаг аж.

Ер нь бол Б.Ганхуягийг“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдоод сар болсны дараахнаас л УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний квоттой холбогдлоо гэх яриа түгээд эхэлсэн. Бүр Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор дүүрэн ярьцгаадаг болсон. Удалгүй МАН-ын нэг нөлөө бүхий нөхөр нэмэгдэж орж ирсэн байдаг.

Тэдний гэрээний талаар ярихын өмнө энэхүү нүүрсний наймааны нэн шинэ түүх буюу 2016 оны сонгуулиас хойш нэр холбогдсон хүмүүсийн талаар товч мэдээлэл хүргэе.

Тэд болон эд ийм наймаагаа ихэд нууцаар хийж байна гэж үздэг бололтой юм. Гэвч манайх шиг жижигхэн Монголд нууц юм гэж ховор. Ер нь олон улсны онолд нууцын талаарх ойлголтыг харьцангуй хэмээсэн байдаг юм.

Тэгээд ч Монгол Улсын аюулгүй байдлын нүд, чих болсон хууль, хяналтын олон байгууллага бий. Тэдний хаагуур өнгөрнө гэж…

Гурилын хулгай, нүүрсний хулгай хоёр баригддаг юм гэнэ лээ. Уг нь хуучны үг. Гэхдээ орчин цагт шууд утгаараа хэрэглэгдээд байгаа юм.

Хамгийн сүүлд, одоогоос дөрвөн сарын өмнө, сэтгүүлч М.Наранбаатар ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад яг энэ үгийг хэлж байлаа.

Тэрээр “…Гадаад айлчлалынхаа үеэр бололтой, гараа кармандаа хийчихсэн “таахалзсан” зургууд энд тэнд харагддаг л байсан. Бодвол очсон орныхоо сайд дарга нартай уулзаж байсан биз. Нөгөө үнэтэй цагнуудаа зүүсэн л байж таараа. Гадныхан чамайг ямар их шоолж, Монгол Улсыг, монголчууд биднийг ямар их өрөвддөг байсан бол? Нэг нь л 100,000 $-ын үнэтэй юм гэсэн биз дээ? Хариуцлагатай хүний үг шүү…

Энэнийхээ учрыг ч нэг шалгуулаад, учир начраа мэдэгдчихмээр байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа 268 мянган тн нүүрс ор тас алга болсон тухай, хулгайчийг барина гэж мэдэгдсэнийг баахан л шуугилаа.

Гурилын хулгай, нүүрсний хулгай хоёр баригддаг юм гэнэ лээ. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд асан та ийм юм болж байсныг “мэдэхгүй” л байсан уу? Ерөнхий сайд хэлсэн юм чинь эрх биш “учир” нь олдох биз.

Миний хувьд элдэв шуугианд таатай ханддаггүй, оролцох дургүй ч чиний мэтийн төрд шургалсан “хулгайч” нарт бол хэлэхээ хэлж, дэлгэхээ дэлгэнэ гэдгээ харин хэлчихье.
Ер нь чиний тухай мань мэт битгий хэл ЕТГ-ын дарга З.Энхболд тэр байтугай танай намынхан ч ил далд ярьж л байгааг мэдэж байгаа юу?” хэмээж байв.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан их хэмжээхий исэлдсэн болон коксжих нүүрсийг олборлуулах гэрээг БНХАУ-ын компаниудтай байгуулсан талаарх баримт дараахан нь ил болж байв.

Хамгийн ноцтой нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар “нүүрсчид”-ийн халаасанд ордог гэх мэдээлэл байдаг гэж хэвлэлүүд бичсэн байна.

Сэтгүүлчдэд олдсон ганцхан жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрс, 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулах гэрээ байсан. Тэгэхээр дээрх гэрээнүүдээс л гэхэд нэр нөлөө бүхий этгээдүүд исэлдсэн нүүрснээс нь 1 250 000 ам.доллар, коксжих нүүрснээс нь 7 020 000 ам.доллар халаасалсан болж таарсан.

Энэ бүхнийг нэхэн тоочсоны учир нь өмнөх Засгийн газрын үед Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ мэтийн гэрээний ажлыг чиглүүлэн заадаг байсан гэдэг юм. Ямар сайндаа л Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг “Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнэ ээ” гэж байхав. Ямар сайндаа л Ерөнхий сайдын үгийн дараа зарим хэвлэл “Тэдний хэрүүлээс харахад “нүүрсний хулгай” гэх үг анхаарал татсан юм. Ерөнхий сайд ямар учраас ЗГХЭГ-ын дарга байсан намынхаа гишүүн, УИХ-ын гишүүнийг нүүрсний хулгайч хэмээн дуудаж эл асуудлыг баримт, нотолгоотой дэлгэнэ хэмээн сүрдүүлэх, илчлэх хоёрын дундуур хэлэв? Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн ямар хэргийг энд ярив?

Нэг хэсэг улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс нүүрсний экспортын квотоос мөнгө унагадаг гэх асуудал яригдаж байсан. Үүнийг хэлэв үү…

Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа Хятадад айлчлах үеэрээ Монголоос экспортлох Тавантолгойн нүүрсийг хямд байлгах тохироо хийж, Тавантолгойн нүүрсний борлуулалтын квотыг өөртөө ашигтайгаар тогтоож, 20 сая ам.доллар унагаж халаасалсан гэх асуудал хэвлэлүүдэр шуугиж байсан цаг саяхан.

Түүнийг улс төрд орохоосоо өмнө хэр бэл бэнчинтэй, ямар амьдралтай байсныг нь түмэн олон мэдэхгүй ч эргэн тойрныхон нь мэддэг. Ямар ч байсан 100 гаруй мянган ам.долларын үнэтэй цаг сэлгэж зүүх хэмжээний байгаагүй л гэдэг юм.

Тэгэхээр үнэхээр нүүрснээс мөнгө унагаж хөлжсөн үү гэдэг хар төрөх нь мэдээж. Энэ харыг батлах мэт Ерөнхий сайд нь чуулганы танхимд “нүүрсний хулгайч” хэмээн хэлсэн. Тэгэхээр Тавантолгойн нүүрстэй холбоотой мөнгө цохисон явдал нь бараг л үнэн болчихлоо” гэж “эргэлзэж” байхав.

Ийм асуудал МАН-ын хоёр дахь Засгийн газрын үед ч яригдаад эхэллээ. Эхний буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрынх нь үед “Эрдэнэс Тавантолгой”-н захиралд шууд үүрэг өгч удирддаг ганц хүн байдаг гэж байсан бол одоогийн Засгийн газрын үед хоёр болж үржжээ.

сэтгэгдэл үлдээх