Ерөнхий сайд томилгоогоо улс гүрэн дамнуулж, гадаад бодлогын зөвлөх Н.Чингүүндарь гэгчийг элчин сайдаар томилуулах нь

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улсаас дипломат харилцаатай зарим улс орнуудад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцжээ. Гэвч энэ тухай мэдээллээ засгийн газрын вэб хуудсандаа байршуулаагүй байна.

Засгийн газар хэдийгээр Элчин сайдуудын нэрийг санал болгох ч УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, томилох эсэхээ шийддэг. Харин энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал ороогүй байна.  Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “бусад” гэсэн асуудалд багтаан оруулж ирэх магадлал өндөр байна.

Засгийн газраас элчин сайдаар суух хугацаа нь дууссан улс орнуудаас элчин сайдуудаа татаж, улмаар орны хүнийг томилох шийдвэр гаргахдаа 10 улс орныг онцолжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Франц, өмнөх эрх баригчдын үед Гадаад хэргийн сайд байсан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Швейцарь, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чингүүндарь Канад, Гадаад хэргийн дэд сайд асан Г.Тэнгэр, Токио, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат Герман улсад тус тус суух бол өдгөө БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух элчин сайдаар томилогдохоор болсон аж. Түүний хувьд яамандаа өнгөрөгч долоо хоногт хурал зарлаж Элчингээр томилогдох шийдвэр гарсан гэдгийг дуулгажээ.

Эндээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Н.Чингүүндарь гэх эмэгтэй. Түүний талаар мэдээлэл төдийлөн тодорхой бус. УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас өрсөлдөж ялалт байгуулсан, хотын төвд сүндэрлэх “Блю Мон” хэмээх тэнгэр баганадсан барилгын эзэн, Монголын анхны сэхээтэн, зохиолч, Англи, Герман хэлийг төгс эзэмшсэн бичгийн хүмүүн Н.Наваан-Юндэнгийн зээ охин, Гадаад хэргийн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү юм байна. Н.Оюундарь нь дороо гурван дүүтэй. Н.Чингүүндарь, Н.Билгүүндарь, Н.Урианхай гэсэн гурван дүүтэй бөгөөд бүгд Герман зэрэг улс орнуудад өндөр боловсрол  эзэмшсэн байна.Канадад Элчин сайдаар суух Н.Чингүүндарь нь 2016 онд Засгийн газар байгуулагдсаны дараа Сэлэнгэ аймгийн уугуул Ж.Эрдэнэбатын зөвлөхөөр томилогджээ. Мөн 2008-2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан аж.

Хамгийн сонирхолтой нь Засгийн газар яагаад эдгээр хүмүүсийн нэрийг ил тод зарлахгүй байна вэ. Тэр тусмаа дипломат албан тушаалд нутаг нуга, төрөл садны хэлхээ холбоо байх ёсгүй гэдгийг Ерөнхий сайд маань мэдмээрсэн. Гэтэл нэг нутгийн цаашлаад өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байсан хэний ч танихгүй шахам эмэгтэйг Элчин сайдаар томилуулж байгаа нь шүүмжлэл дагуулах шалтгаан болж байгаа юм.

Мөн Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр ч “шахааны хүн” гэдэг нь худлаа биш. Хэдийгээр Японд ажиллаж байсан, өндөр боловсролтой гэдэг ч С.Баярын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэддэг. Бусад хүмүүсийн тухайд мэдээж ажлын туршлагатай учраас томилсон нь дамжиггүй. Тухайлбал, А.Баттөр нь өмнө нь элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай. Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Б.Ганбат нарын туршлагатай маргах хүн байхгүй. Харин Кембриж нэрийдлээр баахан мөнгө идсэн уусан хэрэгт холбогдож явсан Ё.Отгонбаярын томилгоо мөн л буруу тал руугаа эргэх вий.

Тэднийг хаана яаж ажиллаж, хэрхэн улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явсныг мэдэх хүмүүс олон бий. Харин хаана ямар боловсрол эзэмшсэн нь тодорхой бус, дипломат албаны гэхээс илүүтэй нэг нутаг, дов жалгын томилгоогоор явж буй Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарын  зарим хүтүүсийн томилгоо арай л хэрээс хэтэрсэн юм биш үү. Монгол төрийн үнэлэмж гэж байх ёстойсон. Тэр тусмаа Элчин сайдын шалгуур өөрөө өндөр байх учиртай баймаар. Нутаг нуга, танил талын томилгоогоо улс орон дамнуулж хийж боломгүй байлтай, Ерөнхий сайд аа.

 О. Эрдэнэжаргал

 

сэтгэгдэл үлдээх