“Эко констракшн”-ийнхан Дүнжингарав, Баянмонгол орчмыг бүхэлд нь усанд автуулах аюултай барилгын ажлыг эхлүүлжээ

“Эко констракшн” барилгын компанийнхан богино настай чанаргүй барилга барьдаг, байрнууд нь м2 дутуу байдаг,  Барьж буй барилгынх нь хажуугаар явж байсан хүний дээрээс турбо унаж аминд нь хүрдэг, эсвэл ажилтан нь ажлаа хийж байгаад ажлын байран дээрээ амиа алддаг, зөвшөөрөлгүй газар хууль бусаар барилга байгууламж барьдаг гэх мэт муу нэрээрээ алдартай.  

Хамгийн сүүлд л гэхэд, БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн далан дотор барилга барихаар төлөвлөж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Ингэхдээ ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид шуурхай очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан байна. Гэвч өнөөдөр өглөө ойролцоох оршин суугчдаас нь дахиад барилгын ажлаа эхлүүлчихлээ гэх дуудлага ирсэн байна. Тиймээс  Геодези, Усны барилга байгууламжийн газрынхан өнөөдөр дахин очиж, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгойгийн албан хаагчдыг байлцуулж байгаад дахин буулгахаар болж, буулгах ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын гадаад харилцаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодрууллаа.

-Энэ яг ямар учиртай далан юм бэ?

-Хэзээ ч тохиолдож болох их хэмжээний үерээс хамгаалах далан юм. Тиймээс ийм өргөн хийгдсэн. Гэтэл “Эко констракшн”-ийнхан нарийсгаж, бетон цутгаад хана цутгачихсан байгаа юм.

-Энд барилга барих нь ямар эрсдэлтэй вэ?

-Маш олон эрсдэлтэй. Энэ даланг ингээд таллаад барилга барьчхаар зуун жилд нэг тохиох үер буувал, ус нэвтрэх боломжгүй байдалд хүрч, БаянМонгол, Дүнжингарав, Саруул хотхон бүхэлдээ усанд автах аюултай.

-Яагаад далан дотор барилга барьж байгаа юм бол. Та нарыг шаардлага тавихаар юу гэж байх юм?

-“Эко констракшн” яг энэ далангийн хажууд буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Сургууль, цэцэрлэг, орон сууцны цогцолбор хороолол барихаар газар авсан юм байна лээ. Газар нь далангаас 30 гаруй метрийн зайтай ч өөр дүүрэгт харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, Үерийн далан Хан-Уул дүүргийн 15-р хороонд, тэдний авсан газар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хамаардаг юм байна лээ. Гэтэл газраа сунгаад даланг нарийсгаж барилга барих гээд байгаа юм. Биднийг "Энд барилга барих нь хууль бус, барилгын ажлаа зогсоо" гээд шаардлага тавихаар ямар нэг юм хэлэхгүй, бүр зугтаад алга болчихно. Нийт гурван удаагийн шаардлага хүргүүлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрсдөө ирээд цутгалт  хийх хэв хашмалыг нь хурааж авсан ч өнөөдөр дахиад л багаж хэрэгслээ авч ирээд тавьчихсан. Ажлаа үргэлжлүүлж байна.

-Та нарын шаардлагыг хүлээж авахгүй байгаа бол явсны чинь дараа дахиад л эхлүүлчих юм биш үү.

-Тиймээс бид нар энэ удаад цагдаа, мэргэжлийн хяналт, онцгойгийн албан хаагчдыг байлцуулж байгаад дахин буулгана даа. Ямар ч байсан энэ далан дээр барилга бариулахгүй.

 “Эко констракшн”-ий энэ мэт үйлдэл хэрээс хэтэрлээ. Үерийн далан дотор барьсан барилга бүү хэл  стандартын шаардлага хангасан газар барьсан намхан барилга нь хавар намрын салхинд ганхдаг, орон сууцны шаардлага хангадаггүйгээрээ алдаршаад удаж байгаа компанийн энэхүү үйлдэл ойр хавийн оршин суугчдыг ихээхэн бухимдуулаад байгаа юм байна.

Т.Гэрэл

ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM

 

сэтгэгдэл үлдээх