З.Цогтгэрэл: Багш нарын ажил хаялт зогсоно

Засгийн газраас багш, эмч нарын цалинг 8-30 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Харин багш нарын зүгээс Засгийн газрын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа МҮЭХ-ны салбар хороод илэрхийлж, есдүгээр сарын 3-наас  ажил хаялт зарлаад байсан юм. Тиймээс МҮЭХ болон Засгийн газар өнгөрсөн баасан гаригт буюу есдүгээр сарын 7-нд хэлэлцээр хийж хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар ажил хаялт ямар цар хүрээтэй үргэлжилж байгаа болон хамтарсан ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэлээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд Засгийн газар болон МҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг нэгдсэн зөвшилцөлд хүрсэн талаар олон нийтэд мэдээлэл хийхээр болоо.  Ямар зөвшилцөлд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэнэ. Хэрвээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зөвшилцлийг батлах юм бол ажил хаялт зогсоно. Тиймээс дараагийн даваа гаригаас буюу есдүгээр сарын 17-ноос сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжлэх боломжтой” гэсэн юм.

МҮЭХ-ны хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийн хурлын талаар тодруулахад, “өнөөдөр 9 цагт хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байсан боловч 11 цагт болохоор болж хойшлогдлоо” гэсэн юм.

Хамтарсан ажлын хэсэгт төрийн зүгээс Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУС-ын яамны төлөөллүүд орсон бол цалин нэмэхийг шаардаж буй талаас Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын хүмүүс багтаж байна.

Багш нарын зүгээс Засгийн газарт цалин нэмэх асуудлаар дараах дөрвөн шаардлагыг хүргүүлсэн.

Нэгд, 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын үндсэн цалинг 15 хувиар энэ сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэх,

Хоёрт, Энэ оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг ирэх сарын 1-ний өдрөөс олгох,

Гуравт, 2019 оны нэгдүгээр сарын 1-нэээс боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх,

Дөрөвт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын үйл ажиллагааны улмаас ажил хаялт хийхэд хүрсэн учир ажил хаялтад оролцсон ажилтны хөлсийг бүрэн олгох зэрэг багтаж байна

ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN

сэтгэгдэл үлдээх