Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

  1. Бүгд Найрамдах Колумби улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хуан Пабло Родригез Барраган
  2. Арабын Бүгд Найрамдах Сири улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Имад Мустафа
  3. Гүрж улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Зураб Абашидзе нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Бүгд Найрамдах Колумби улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хуан Пабло Родригез Барраган

Арабын Бүгд Найрамдах Сири улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Имад Мустафа

Гүрж улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Зураб Абашидзе

Ноён Хуан Пабло Родригез Барраган Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Ерөнхийлөгчид бараалхах завшаан олдсонд талархаж буйгаа илэрхийлээд Сөүлээс манай улсыг хавсран суухдаа хоёр орны харилцааг бүхий л түвшинд ахиулахын тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Колумбийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн, Колумбийн ард түмэнд хөгжил, цэцэглэлт хүслээ. Манай улс 1988 оны наймдугаар сарын 10-ны өдөр Колумби улстай дипломат харилцаа тогтоож, манай улс Колумбийг Хаванагаас, Колумби манай улсыг Сөүлээс хавсран сууж байгаа юм.

Харин Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хооронд 1967 оны долдугаар сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтсон байна. Найрсаг харилцаатай тус улсын Элчин сайд Имад Мусатафа Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, бараалхаад хоёр улсын харилцааны асуудлаар ярилцсан юм. Мөн Гүрж улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Зураб Абашидзе Элчин сайд нарыг ёслол хүндэтгэлтэй хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гүрж улстай төр, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

сэтгэгдэл үлдээх