Г.Эрдэнэтуяа: Миний гэрэл зургийн гол дүр нь хүмүүс

Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий 2” анхны гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Монголоос долоон, Японоос хоёр эмэгтэй гэрэл зурагчин оролцож байгаа аж. Энэ нь эмэгтэй гэрэл зурагчдын тав, Японы гэрэл зурагчидтай хамтарсан анхны үзэсгэлэн ажээ. Өмнөх үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчид оролцдог байсан бол энэ удаа 21 аймгийн бүх эмэгтэй гэрэл зурагчин, сонирхогчдын дунд шалгаруулалт явуулж шалгарсан хүмүүсийн гэрэл зураг тавигдсанаараа онцлог юм байна. Мөн энэ хүмүүсийн дунд эмч, багш, геологич болон I курсийн гурван оюутан охины бүтээл тавигдсан байв. “Бүсгүй мэлмий 2” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяатай уулзахад “Энэ үзэсгэлэнд миний есөн бүтээл орж байгаа. Нэг зураг маань цуврал сурвалжлага. Үзэсгэлэнгийн нэр “Бүсгүй мэлмий” нэртэй. Энд зурган сурвалжлагаар орсон гэрэл зураг нь эмэгтэй хүн эх болох агшин байгаа. Эмэгтэй хүн ямар их өвдөлтийг давж байж эх хүн болдог. Шинэ хүн дэлхийд мэндэлж байгаа агшинг харуулах зорилготой. Миний бүх бүтээлүүд дандаа хүн оролцсон байгаа. Би 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан учраас авч байгаа гэрэл зургийн гол дүр хүмүүс байдаг. Ямар нэг драм, оршилгүйгээр хүний бодит амьдрал үргэлжилдэг болохоор өөрийнхөө гэрэл зургаар хүмүүсийн амьдрал, дүр төрхийг үзүүлэхээр энд бүтээлээ оролцуулсан. Үзэсгэлэнд Монголоос долоон эмэгтэй гэрэл зурагчин оролцож байгаа болохоор долоон өнгийн өнгө төрх байна” гэсэн юм.

        

Эх сурвалж: www.polit.mn

сэтгэгдэл үлдээх