Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж, Нийслэлийн МАН-ын Бага хурал даргаа сонгосон өдрүүд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт /2018.09.20/  Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажуулав. Тус улсын  Төрийн департаментын ордонд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

 Энэ буцалтгүй тусламжийг монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм. Мянганы сорилын сангаас олгох уг хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах юм.

Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ.  Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас  мөн 2014 онд гаргасан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд хийгдсэн байдаг. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.

-------------------------------------------------------------------------------------------

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн төрийн ордонд болж байна

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болж байна. Уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

------------------------------------------------------------------------------------

“Намрын ногоон өдрүүд”

Энэ онд 13 дэх жилдээ зохиогдож байгаа  “Намрын ногоон өдрүүд-2018” нээлтээ хийгээд буй. “Алтан намар” хэмээх аялгуу сайхан дуугаар нээлтээ эхэлсэн энэ жилийн ногоон өдрүүд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд болж байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн үйлдвэрлэгчид оролцож байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байгаа. Үндсэндээ  орон нутгийнхан өөрсдийн бренд бүтээгэдэхүүнээрээ оролцож байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, Ховдынхон айрагны тос, хөх тарианы гурил, тарвас зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бол Говь-Алтай алдарт чипсэн ааруул, Өмнөговийнхон нутгийн давжаа алим, таана хөмүүлийн сорс, Сэлэнгийнхэн утсан загас, хмелийн талх зэргээ дэлгэн арилжиж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 180 гаруй аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, 250 гаруй тариаланч, ногоочид оролцож байна.

-------------------------------------------------------------------

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 102  жилийн ой тохиов

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102  жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

 Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ Маршал Ю.Цэдэнбал нь улс эх орондоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авч ирсэн улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй 1939, 1945 оны дайны жилүүдэд ардын армийн арыг хариуцсан комиссар, бүх цэргийн жанжны орлогч Улсыг батлан хамгаалах зөвлөлийг удирдсан гарамгай мастер байсныг дурьдаад “...нэгэн үе түүхийг гуйвуулан түүний нэр хүндийг гутаан доромжилж гүтгэн харлуулж улмаар чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байсан бүхэл бүтэн үеийнхний түүхийг баллуурдсан гутамшигт явдал манай нэн шинэ үеийнхний түүхэнд гарч байсныг хэлэх ёстой.

Гэвч өнөөдөр түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд таатай байна. XX зууны монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж, хоёргүй үнэн сэтгэлээр төр засгаа удирдаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн энэ өдөр бид зөвхөн түүний алдар гавьяаг дурсаад зогсохгүй, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхээ хичээл зүтгэлийг хүндэтгэж, тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг сонсон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн зорилго дор цугладаг. Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн энэ өдөр гурван үеийн түүхийг бататгаж, ачааны хүндийг үүрэн өнөөдрийн нийгмийн цогцлоож, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авч ирсэн бүх ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм” гэдгийг онцоллоо.

 Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг.

Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм. Тэрээр түүхийн эгзэгтэй мөчид санаачлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ.  Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм. Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхийн нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм.  

--------------------------------------------------------------------

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 9-р сарын 18-д МҮЭ-ийн холбооны байранд боллоо.  Хэлэлцээрээр төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаар хэлэлцэв. 

Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд оролцон цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрсэн байна.

Үүнд:

  • Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
  • 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана. Хэлэлцээрийн дараа талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг ирэх баасан гаригт УИХ-д танилцуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. 

Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдахаар боллоо

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролдцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч ийнхүү ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болов. 

сэтгэгдэл үлдээх