Хэвлэл мэдээллийн бодлого #2: Цахим мэдээллийн сайтууд дахь үзэн ядалтын үг хэллэг

Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний уулзалт хоёр дахь жилдээ боллоо. Энэхүү уулзалт ярилцлагыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих Эбертийн Сангаас хамтран зохион байгуулдаг.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн долоо хоног, Ёс зүйн форумыг угтан хийсэн энэхүү ярилцлагаар “Цахим дахь үзэн ядалтын үг хэллэг” судалгааг танилцуулсан юм.

Судлаач Ц.Чимэддондог, Д.Мөнхчимэг нарын хийсэн судалгаа нь 2017 оны долоодугаар сараас эхлэн нэг жилийн хугацааг хамарчээ. Энэ жилийн хугацаанд цахим хэвлэл мэдээллийн 43 сайтын мэдээлэл, сэтгэгдлийн хэсэгт болон Хэвлэл мэдээллийн зөвлөлд очсон 148 гомдол дээр судалгааг хийсэн байна.

Судлаач Д.Мөнхчимэг, Ц.Чимэддондог

“Энэ төрлийн судалгаа нь манай улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй тул бидний хувьд цагаан цаасан дээр бүхнийг эхлүүлэх шаардлагатай болсон” гэж судлаач Д.Мөнхчимэг ярьж байлаа.

ҮЗЭН ЯДАЛТЫН ТҮГЭЭМЭЛ ХАНДЛАГУУД

Хүн бүхэн халдашгүй, хүн бүхэн өөрийн эрхтэй. Харин хүний халдашгүй байдлыг үл хүндэтгэн, өөрийн эрхийн хязгаараа даван бусдад халдаж байгаа нь дараах тохиолдлуудад илрэх хандлагатай байжээ.

 

Судалгаанд тоологдсон нийт үзэн ядалтын үг, хэллэгийн 30 хувийг сэтгүүлч бүтээлдээ бичжээ. “Сэтгүүлчид нэр бүхий тодорхой албан тушаалтны тухай бичихдээ мөн хүмүүсийн нийгмийн гарал угсаа, бэлгийн хүйсийн чиг баримжааны талаар доромж үг, үзэн ядалтын үг хэллэг илүү ашиглаж байгаа нь мониторингийн дүнгээс ажиглагдав. Мөн хүмүүст доромж нэр хоч өгөх, түүнийг хэвшүүлэхэд нөлөөтэй байна” гэж судлаачид дүгнэжээ.

Нийгэмд үзүүлэх сэтгүүл зүйн нөлөөлөл өндөр учир үзэн ядалтыг түгээхгүйн тулд редакциуд онцгой үүрэгтэй оролцож, өөрийн зохицуулалттай байх нь зүйтэйг дурьдаж байлаа.

 “HATE SPEECH”-ИЙГ ХЭРХЭН ОРЧУУЛАХ ВЭ?

“Та бүхний судалгаанд орсон түгээмэл хэрэглэж байгаа үзэн ядалтын найман үг хэллэгийг харахад “үзэн ядалт” гэдэг нэршил нь арай хатуудсан санагдаж байна. Таагүй эсвэл харш үг гэх үү” хэмээн дугуй ширээний уулзалтад оролцогч Д.Боролзой /Шинжлэх ухааны академи/ саналаа хэлэв.

Учир нь энэ агуулгад үзэн ядсан, гүтгэсэн, доромжилсон, ялгаварлан гадуурхсан, нэр хоч өгсөн, турхирсан, дээрэлхсэн гэх мэт олон санаа агуулагдаж буй юм.

"“Ёс бус үг хэллэг” гэж хэлэх нь зүйтэй биш үү" гэсэн саналыг МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг дэвшүүлсэн юм.

Мөн "Глоб интернэшнл" ТББ-аас Hate speech-ийг үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэг хэмээн орчуулсан байдаг талаар тус ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал ярьлаа.

“Hate speech” гэхийг “үзэн ядалтын үг хэллэг” хэмээн махчлан орчуулах нь өрөөсгөл. Учир нь энэ агуулгад үзэн ядсан, гүтгэсэн, доромжилсон, ялгаварлан гадуурхсан, нэр хоч өгсөн, турхирсан, дээрэлхсэн гэх мэт олон санаа агуулагдаж буй юм.

Уулзалтын эцэст нэршил, орчуулгын талаар ярилцах хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэх саналыг хүлээн зөвшөөрцгөөлөө.

МЭДЭЭНИЙ САЙТЫН СЭТГЭГДЭЛ НЬ РЕДАКЦЫН ХАРИУЦАХ ХЭСЭГ МӨН ҮҮ?

Судалгааны дүнгээс харвал үзэн ядалтын үг хэллэгийн 70 хувийг уншигчид сэтгэгдлийн хэсэгт үлдээсэн байна.

Редакциуд сэтгэгдэлд хариуцлага хүлээх, түүнийг зохицуулах үүрэгтэй гэдэг дээр дугуй ширээний уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа. Учир нь дээрх судалгаанд дурьдсанчлан үзэн ядалтын үг хэллэгүүд нь сэтгэгдлийн хэсэгт илүүтэй байгаа юм. Тиймээс нийгэмд сөрөг хандлага, хүчирхийллийн агуулгыг түгээгч болохгүйн тулд редакциуд өөрийн зохицуулалтыг зөвхөн сэтгүүлчиддээ хамаатай байдлаар төдийгүй сэтгэгдлийн хэсэгт ч хамаатай байхаар хийх нь зүйтэй гэдгийг оролцогчид хэллээ.

“Олон нийтийн сүлжээний зохицуулалтын хуультай болсон улс орнууд хууль зөрчсөн постын талаар гомдол мэдүүлсэн даруйд фэйсбүүк, твиттер устгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Яг үүнтэй адил сэтгэгдлийн мөрөөр уншигчаас гомдол ирсэн даруйд устгах нь зүйтэй” гэж МХМЗ-ийн CCC Хорооны дарга, МУБИС Хүмүүнлэгийн Сургуулийн захирал Ж.Батбаатар хэлж байлаа.

ҮЗЭН ЯДАЛТЫН ҮГ ХЭЛЛЭГЭЭС ХЭРХЭН ЗАЙЛСХИЙХ ВЭ?

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нийгэмд манлайллын үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа ѐс зүйн өндөр мэдрэмжтэй байх, энэ хүрээнд аливаа ялгаварлан гадуурхал, гүтгэлэг доромжлол, нэг үгээр бол үзэн ядалтын үг хэллэгээс ангид байж, зайлсхийхийг эрмэлздэг. Тийм ч учраас олон улсын болон улс орнуудын сэтгүүлчдийн мэргэжлийн ѐс зүйн зарчмуудад ялгаварлан гадуурхлыг хориглох, үзэн ядалтын үг хэллэгтэй тэмцэх тухай тусгасан байдаг. Олон улсын сэтгүүлчдийн эвлэл (IFJ)-ийн Ёс зүйн зарчимд:

Өөрийн зохицуулалт нь хуулийн зохицуулалтаас уян хатан, шуурхай, дарамтгүй, цензургүй, зардалгүй зэргээрээ давуу байдлыг иргэнд авчирдаг сайн талтай. 

“Хэвлэл мэдээллээр ялгаварлан гадуурхлыг өдөөх нь хор хөнөөлтэйг сэтгүүлч анхаарах ѐстой бөгөөд арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа болон нийгмийн гарал үүсэл хийгээд бусад төрлийн ялгаварлан гадуурхлаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн заасан байдаг. 

Дижитал ертөнцийг хууль, эрх зүйгээр зохицуулах нь ээдрээтэй бэрхшээлтэй байгаа учир хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад шинэ боломж нээж байна хэмээн судлаачид үзэж байна. Өөрийн зохицуулалт нь хуулийн зохицуулалтаас уян хатан, шуурхай, дарамтгүй, цензургүй, зардалгүй зэргээрээ давуу байдлыг иргэнд авчирдаг сайн талтай. Түүнчлэн өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн бүтээлийн агуулга болоод иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндлөнгөөс (жишээлбэл улс төрчдөөс) зохицуулахаас зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэмээн олон улсад хүлээн зөвшөөрч байна.

сэтгэгдэл үлдээх