МОНГОЛЧУУД ТАЛ ДҮҮРЭН МАЛТАЙ АТЛАА ДУНДУУР ИДЭШТЭЙ, ХАГАС ӨЛСГӨЛӨН БАЙСНЫ НУУЦ

Чингис хааны үеийн агуу байлдан дагуулалтын нууцыг олон талаас нь тайлбарласан судалгаа шинжилгээний бүтээлүүд байдаг боловч тэр цагийн монголчуудын дэлхийд шуугиулсан их амжилтын үндсийг монгол үндэстний хоол зүйн онцлогтой холбон тайлбарласан байдаг. Тэр үеийн монголчууд нэгд, маш бага хүнсээр бие махбодын хэрэгцээгээ бүрэн хангадаг; хоёрт, хоногт маш багаар хооллодог; гуравт, хэдэн хоног хоол унд үл хэрэглэн асар өндөр туулах чадвартай байсан; дөрөвт, хүнийг хүүхэд байхаас нь тэсвэр хатуужлыг хоолны хатуу дэгээр дамжуулан эзэмшүүлдэг байжээ. Энэ нь өөр улс оронд байдаггүй байв. Монгол орны байгаль, цаг уур, амьдралын өвөрмөц ёс дэглэмдээ тохирсон хооллолтыг өдөр тутмын амьдралынхаа дэг болгон хэвшүүлсэн байжээ. Энэ нь Чингисийн үеийн байлдан дагуулалт, дайтах ур авьяасын үндсийн үндэс болж байв.

XIII зууны үед монголчуудын олж тогтоон боловсруулсан “хязгаартай хооллолт”, “цаг улирлын давтамжит өөрчлөлттэй нягт шүтэлцүүлэн хооллох”, “хүний бие махбодын төрөлхийн өвөрмөц онцлогтой шүтэлцүүлэн хооллох” зарчим нь цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй байсан нь өнөөдөр батлагдсан байдаг. Хүмүүс өөрсдийн төрөлхийн өвөрмөц төрх, жилийн хавар, намар зэрэг давтамжит өөрчлөлтийн тодорхой хугацаанаас хамаарч “энергийн нөөцлөлт – зарцуулалтын нэг горимоос нөгөө горимд” шилжин харилцан адилгүй төлөв байдалд хувирах бөгөөд үүнийг XIII зууны монголчууд өөрсдийн гярхай ажиглалт, туршлагаар олж тогтоон, зөв зохистой хэрэглэж байжээ. Монгол хүний нас урт, бие эрүүл товир, ухаан саруул байсны сүүлчийн жишээ бол нас 80 гарсан хөгшчүүл юм. Тэдний тухайд онцын гойд зүйл ер үгүй бөгөөд өнөөгийн биднээс амьдралын хатуу дэглэм, зөв хооллолтоороо ялгаатай юм.

Монголчуудын хоолны дэглэм нь Бурхан багш хоногт нэг хоолтой, хүн төрөлхтөн хоёр хоолтой, араатан амьтад гурван хоолтой гэсэн сургаал юм. Ийнхүү хүн нь араатнаас хоолоороо ялгарах зоригтой санааг монголчууд дэвшүүлж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлж байв. Нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав доктор “Дундуур идэш – дулаан хэвтэр гэдэг юм. Хүн ер нь хэт тарган цатгалан бус дундуур идэштэй явбал бие хөнгөн, ухаан сэргэлэн байдаг. Тийм учраас 12 нугалаа гэдэснийхээ 1/3-ийг хоолтой байлгаж, хагас өлсгөлөн байх хэрэгтэй гэж ярьж байсан нь санаанд бууж байна.

Өлөн зэлмэн байх буюу маш бага хооллох, мөн хоолыг цаг улирлын байдалд зохицуулах нь чухал. Хоол хүнсээр дамжуулан бие махбодын хэрэгцээг төдийгүй сэтгэхүйн таашаал хэмээх нэгэн өвөрмөгц хэрэглээг хангах өнөөгийн хооллолтын сонгодог ойлголтоос монголчуудын уламжлал нь үндсээрээ ялгаатай юм. Монголчууд ийнхүү хоолыг “хоол” хэмээх шууд утгаар нь авч үзэж байгаагүй, өөрөөр хэлбэл “хоолоор” хооллох бус “ухаанаар” хооллох зарчмыг мөрдөж байв. Уг нь “ухаанаар хооллох” нь хүн төрөлхтний холын ирээдүйн зарчим байх ёстой атал монголчууд аль 800 жилийн өмнө амьдралдаа хэрэгжүүлж байсан байх юм.

XIII зууны монголчуудын тухай Карпины бүтээлд “Монголчууд арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэх тийм бага хоол хүнс өгнө. Бид тэдний дунд лавтайяа сар шахам болоход нэг хүнд оногдох хоол ундны зүйл нь дөрвөн хүнд хүрнэ” гэсэн байна. Үүнээс үзэхэд монголчууд XIII зуунд европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ. Энэ нь монголчуудын хоол хомс байсных бус зөв хооллолтын дэгтэй нь холбоотой байсан бөгөөд улмаар монголчуудын гэдсээ сойж биеэ цэвэрлэх хоолны дэглэм нь Хүннүгийн үеэс эхтэй юм. Энэ дэг ёс өнөөгийн монголын хөдөөд ч хадгалагдан иржээ. Монголчуудын хязгаартай хооллох горим нь тухайн хүн маш бага идээ ундаа зооглох мөртөө “цадлаа, боллоо” гэж өөрийгөө ховсдон итгүүлэх зарчим юм.

“Чан Чун бумбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэлд “Монгол хүн түмэн он, мянган үед эрх дураар жаргалтай амьдармой. Тэд тэмээ, үхэр, хонь ямаа, адуу малаар үлэмж баян атлаа тийм бага иддэг нь нэн гайхмаар. Тэдэн шиг ийм олон малтай улс орон үгүй бөгөөд ийм баян нутгийн хүмүүсийн хоол хүнс нь хэдийгээр хомсхон гэж хэлэгдэхээр байж, улмаар ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгддэггүй байсан” гэж гайхан бичсэн байдаг. Хоолоор дамжуулан тэсвэр суулгах монгол хоол зүйн арга нь хүүхдийг багаас нь хонины сүүл хөхүүлж хооллох аргаар эхэлдэг бөгөөд хонины сүүл ямар ч хоргүй болохыг шинжлэх ухаан хүртэл тогтоосон байдаг.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх