Намрын чуулган нээлтээ хийж, тагнуул илчлэгдэж, үйлдэл дээрээ "гардуулсан" авлигатай өдрүүд

Аравдугаар сар угаас үйл явдлын өрнөлөөр дүүрэн байдаг тэр л жишгээрээ эхэллээ. Сарын эхний өдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийв.  Ингэснээр амарч байсан улс төр “амилж” байгаа нь тэр. Эрх баригч хүчний энэ сонгуулийн хугацаан дахь гурав дахь намрын чуулган эхэлж, сүүлчийн тойргийн хонхыг жингэнүүлэв.

Энэ намрын чуулган хэд хэдэн онцлогтой. Хэд хэдэн парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг  хэлэлцэнэ. Хэрэв хэлэлцэж баталж чадвал Монголын засаглалын тэнцвэрт байдлыг хангаж, төгөлдөржүүлэхэд чухал алхам болно гэсэн хүлээлт иргэдийн дунд бий. Чухалгүй хууль гэж юу билээ. Гэхдээ намрын чуулган бүр онцолж чухалчлах учиртай хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тодруулбал,  Татварын багц хууль, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн хуулийг нэрлэж болно.  

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулав

Намрын чуулган 2019 оны улсын нэгдсэн төсөв, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, ЗТХ-ийн сайдын  томилгоо гэхчлэн шил шилээ харсан  асуудалтайгаар эхлээд байгаа.

Хэнтийн нөхөн сонгуульд ҮХЦ хориг тавиад буй. Цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлаар холбогдох байнгын хороо хуралдаж олонхийн саналаар хүлээж авахгүй гэсэн шийдэлтэйгээр нэгдсэн хуралдаанд орсон.  Харин нэгдсэн хуралдаанаас энэ асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл хойшлуулахаар шийдвэрлээд байна.

Зам тээврийн сайдыг томиллоо

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ  ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө наймдугаар сарын эхээр өгсөн.  Гэсэн ч энэ асуудал эцэслэн шийдэгдэлгүй байсаар хууль журмынхаа дагуу намрын чуулганаар хэлэлцэгдлээ.  Пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн хуралданаар гишүүдийн 76,3 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Мөн өдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Я.Содбаатараас гадна Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр дуулдаж байсан ч Б.Энх-Амгалан нэрээ татжээ.

Удирдах зөвлөлөөс нэр дэвшсэн Я.Содбаатарыг олонхийн бүлэг дэмжсэнэээр баасан гарагийн нэгдсэн хуралдаан  90,3 хувийн саналаар ЗХТ-ийн сайдаар  дэмжиж баталлаа.

Улсын төсвийн хэлэлцүүлгээр АН  завсарлага авав

Баасан гарагийн  үдээс өмнөх  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2019 оны нэгдсэн төсвийн тухай хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлгээс гишүүн Б.Пүрэвдорж 5 хоногийн завсарлага авах санал гаргаснаар  төсвийн хэлэлцүүлэг мөн хугацаагаар хойшилж байна.  Хууль ёсоор улсын төсвийн тухай хуулийг 11 дүгээр сарын 15 гэхэд  баталсан байх учиртай.

2019 оны том амбицтай төсөв

Засгийн газраас өргөн барьсан 2019 оны улсын нэгдсэн төсвийг  ийн тодотгож болно. УИХ-ын зарим гишүүд энэ төсвийн төсөөллийг “Мөрөөдлийн жагсаалт” хэмээн тодотгосон нь бий.  Ирэх жилийн төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй  аль ч талаараа холбогдох учиртай. Энэ утгаараа нэлээд шахуу, өндөр босготойгоор өргөн баригдаад байна. Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн орлого 9,6 их наяд, харин зарлага  талдаа 11,5 их наяд байхаар тооцоолжээ. Эндээс харвал төсвийн алдагдал 1,9 их наяд байхаар байна.

Өөрөөр хэлбэл төсвийн орлого 2018 оноос 2,4 их наядаар нэмэгдэж, зарлага ч бас энэ хэмжээгээр нэмэгдэхээр байна. Төсвийн орлогын энэ гэнэтийн өсөлтийг 42 сая тонн нүүрс экспортолж, татварын багц хуулийг шинэчилснээр бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Ерөнхийлөгч засаглалын реформыг  нэхэв

Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол санаа нь засаглалын тогтолцоо руу чиглэлээ. 

Тэрбээр “Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ” гэсэн нь өнөөгийн парламентын засаглал  руу чиглэсэн үг гэдэг нь тодорхой. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчөлтийг хэлэлцэж батлахаас өмнө ийм санаа бодол  илэрхийлсэн нь санамсаргүй хэрэг биш байж таарна.

Засаглалын тогтолцооны тухайд АН-ын бүлгийн гишүүд одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Харин улс төрчдийн тухайд парламентын засаглалаа тогтвортой болгохыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн. Тэд ерөнхийлөгчийн засаглалтай хоёр их гүрний дунд оршдог  Монгол улсын хувьд сонгодог парламентын засаглалтай байх нь тусгаар тогтнолоо  хамгаалж хадгалахад  илүү тохиромжтой гэсэн санааг илэрхийлжээ.

Тагнуултай долоо хоног

Улирч буй долоо хоногт тагнуул баривчилсан дуулиан талхны хачир шиг  “амттай” сэдэв байв. Мягмар гарагт тагнуулынхан “Голомт” хотхоны С блокын орон сууцны гадаа хэвлэлийнхнийг “цуглуулж” байгаад  байшин дотроос 4 хайрцагтай зүйл гаргаж машинд ачиж явсныгаа гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явууллаа хэмээн тайлбарласан. Эх сурвалжийн мэдээлснээр тагнуулын хэрэгт  тухайн байранд амьдарч байсан БНХАУ-ын нэг иргэн, хоёр Монгол иргэнийг баривчлан шалгаж байгаа аж.  Сэжигтнүүдийг Улаанбаатар болон Төв аймгийн хорих ангид саатуулжээ.

Сургуулийн захирал авлига авч байгаад “гардуулжээ”

Авлига аалзны тор шиг нийгмийн бүхий л салбарыг хамарсаныг Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын баривчилгаанаас анзаарч болмоор. АТГ-ын өгсөн мэдээллээр тус сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг пүрэв гарагийн орой баривчилжээ. Мөн түүнд авлига өгсөн хүнийг хамт саатуулж байгаа гэх мэдээллийг өглөө. Ер нь тус сургуульд авлигын асуудал газар авсныг иргэд ярьдаг билээ.

Товчхон

-Энэ долоо хоногт дэлхийн багш нарын  болон Монголын багш нарын баяр тохиолоо. Багш нарын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан 80 жилийн ойгоо тэмдэглэсэн юм.

М.Нэргүй

сэтгэгдэл үлдээх