Хүүхэд хамгаалах чиглэлд төсөвлөгдсөн 6.4 тэрбум төгрөгийн 3.7 тэрбумыг байгууллагын эд хогшил, үйл ажиллагаанд зарцуулжээ

Монгол Улс 2018 онд хүүхэд хамгаалал, хөгжилд 6.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан  байдаг. Энэ нь 2017 оноос 5.3 дахин нэмэгдүүлсэн дүн. Учир нь хүүхдийн осол эндэгдэл, гэмт хэргийн хохирогч болох тоо буурахгүй байгаа нь энэхүү төсвийг нэмэх шалтгаан болсон талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар мэдээлэгдэж байсан юм. 

Гэтэл энэ их мөнгийг Хүүхэд хамгаалах чиглэлд зөв зохистой бүрэн дүүрэн зохицуулж чадаагүй нь ил боллоо. Тодруулбал, 2018 оны төсвийн тайланд энэхүү мөнгийг хэрхэн яаж зарцуулсанаа дурдсан байна. Ингэхдээ Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт шинээр хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор нийт 6.4 тэрбум төгрөг тусгаснаас 57 хувийг буюу 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардал, эд хогшил, тавилга худалдан авахад зарцуулсан гэжээ. Харин үлдсэн 15 хувийг буюу 957.5 сая төгрөгийг мэдээ сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт өдөр зохион байгуулахад, 8 хувийг буюу 528.1 сая төгрөгийг сургалт, семинар зохион байгуулахад, 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд, 10 хувийг үндсэн ажил болох хүүхэд хамгааллын ажилд тус тус зарцуулсан болно гэсэн байна. 

Ингээд зогсохгүй ирэх 2019 оны төсөвт уг зардлыг хүүхдийн тоо, гэмт хэргийн гаралт зэрэг статистик үзүүлэлт болон хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгцээний судалгааг харгалзсаны үндсэн дээр орон нутгийн хүүхдийн байгууллагын төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээрх арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, нийт 2.4 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Ингэснээр төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу илүү үр дүнтэй зарцуулах боломж бий болно гэжээ. 

Сүүлийн өгүүлбэрээс харахад төсвийн мөнгийг үр дүнгүй, зориулалтын бус зарцуулж байсан нь харагдаж байна. 

Юутай ч энэ асуудлаар өнөөдөр ГБХЗХГ-аас албан ёсоор тайлбар өгөхөөр болжээ. 

Б.Аз

сэтгэгдэл үлдээх