О.Алтансүх: Тавилгад 192.5 сая төгрөг зарцуулсан

Энэ оны хүүхэд хамгааллын төсөвт тусгагдсан 6.4 тэрбум төгрөгийн 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын эд хогшил, үйл ажиллагаанд зарцуулсан гэх шүүмжлэл Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг асуудалд орууллаа. Тэгвэл энэ асуудалд тус газрын дарга О.Алтансүх дөнгөж сая мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Хуулиараа хүүхдийн таван орчинд хамгаалдаг. Тодруулбал, Гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн цахим орчин, олон нийтийн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд дээр төсвийг задалж гаргахаар болсон. Хүүхэд хамгаалахад 1.4 тэрбум төсөвлөдөг байсныг эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2018 оны төсөвт таван тэрбумыг нэмж, 6.4 тэрбум төгрөг болгосон. Энэ зардлыг Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт 2.4 тэрбумыг, ХНХЯ-нд 700 сая төгрөг, ГБХЗХГ-т 667 сая төгрөг, харьяа байгууллага болох Найрамдал, Өнөр бүл, хараа хяналтгүй хүүхдийн Нарт хангай төв, 108 хүүхдийн тусламжийн төв, Хамгаалах байрны ажилд нийтдээ 789 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь дээрх таван салбарт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Ингээд нийтдээ 6.4 тэрбум болж байгаа. 

Энэ хугацаанд 17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Яг газар дээрээс нь 486 хүүхдийг яаралтай түргэн тусламжийн машинаар авчирсан. Өмнө нь энэ ажлыг цагдаа үүрдэг байсан бол одоо төсөв нэмэгдсэнтэй холбоотой манайх хариуцан ажиллаж байна. Түр хамгаалах байранд 886 хүүхэд ирсэн байна. 99750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн байна. 

Сошиалаар 3.7 тэрбум төгрөгийг эд хогшил тоног, үйл ажиллагаанд зарцуулсан гэж шүүмжлээд байна.  Гэтэл үйл ажиллагаа гэдгийг нь орхиод 3.7 тэрбумыг тавилгад зарцуулсан гэх мэтээр ойлгогдуулахаар тараагаад байна. Тавилгад бид 192.5 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ нь түрүүний ярьсан хамгаалах байрны ор дэр, хөнжил, хогшлууд байгаа" гэв. 

Дашрамд сануулахад, 2018 оны төсвийн тайланд 6.4 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсанаа дурдсан байна. Ингэхдээ Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт шинээр хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор нийт 6.4 тэрбум төгрөг тусгаснаас 57 хувийг буюу 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардал, эд хогшил, тавилга худалдан авахад зарцуулсан гэжээ. Харин үлдсэн 15 хувийг буюу 957.5 сая төгрөгийг мэдээ сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт өдөр зохион байгуулахад, 8 хувийг буюу 528.1 сая төгрөгийг сургалт, семинар зохион байгуулахад, 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд, 10 хувийг үндсэн ажил болох хүүхэд хамгааллын ажилд тус тус зарцуулсан болно гэсэн байна. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх