О.Энхтөр: Дугаарын хязгаарлалт бол арга ядсан түр зуурын арга

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ассиоцаци”-ийн тэргүүн, хурандаа С.Энхтөртэй замын хөдөлгөөний ачааллыг буруулах асуудлаар ярилцлаа.

-Та замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд яг юун дээр анхаарвал илүү үр  дүнтэй гэж харж байна  вэ?

-Сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар нийслэлчүүдийн 70 гаруй хувь нь өдөрт бүтээх ажлынхаа гуравны нэгийг нь л амжуулж байна гэсэн дүн гарчээ. Энэ байдал Улаанбаатар хотын түгжрэл ямар түвшинд очсоныг харуулна. Тиймээс түгжрэл буюу хэт их ачааллыг бууруулахын тулд үе шаттай ажлыг хийх хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард ИТХ-ын тэргүүлэгчид 70 дугаар тогтоол баталж, ажлын хэсэг байгуулан, хөдөлгөөний шинэ зохион байгуулалт хийж авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 70 дугаар тогтоолд менежментийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Менежмент нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан зүйл биш зөвхөн зохион байгуулалтын ажлыг яаж хийх вэ гэсэн л асуудал. Асар их хөрөнгөөр зам өргөтгөөд гүүр бариад болсонгүй. Бүтээн байгуулалт хийгээд замаа өргөтгөөд  л байдаг.

Хөдөлгөөнд оролцож байгаа 537 мянган авто машин  бол их тоо биш.  9-12 сая машинтай, манай улс шиг хөгжилтэй хотууд байж байна. Гол нь бидэнд зохион байгуулалт алга. Мэдээж тооцоолол дээр суурилсан гүүрэн гарц байх ёстой хэдий ч хотын өнөөгийн нөхцөл байдалд нэн тэргүүний асуудал бол биш.

–Тэгэхээр авто зам дээр  дэг журам байхгүй байна гэсэн үг үү?

-Дэг журам биш зохион байгуулалтын л асуудал. Хөдөлгөөнд оролцогчдын 69 хувь нь хувийн машин унаж байна. Гэтэл бусад оронд 30 буюу түүнээс доош хувь нь хувийн машинаа унаж, үлдсэн хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Монгол Улсын хувьд энэ хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг  л чухал байна.

-Нийтийн тээврээр үйлчлүүлдэг боллоо гэхэд түгжрэл буурах боломжтой юу?

-Автомашины тоо ихэссэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсээд байна аа. Нийтийн тээврээрээ үйлчлүүлээчээ гэхээр нийтийн тээврийн автобус хүлээлт ихтэй, хүйтэн, бохир заваан, тухгүй гээд маш олон шалтгаан хэлдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад, манай улсын автомашин хэрэглэгчдийн тоо өндөр, нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн тоо бага байгаад байгаа юм. Тодруулбал,Токиод нийт иргэдийн 94 хувь нь автобусаар зорчдог, 6 хувь нь хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцдог бол Улаанбаатар хотын нийт иргэдийн 31 хувь нь автобусаар зорчдог, 69 хувь нь хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа гарсан байдаг.

Токиод нийт иргэдийн 94 хувь нь автобусаар зорчдог, 6 хувь нь хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцдог бол Улаанбаатар хотын нийт иргэдийн 31 хувь нь автобусаар зорчдог, 69 хувь нь хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа гарсан байдаг.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа хэчнээн тооны автомашин байдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 536,171 байна. Үүнээс баруун гар талдаа хүрдтэй нь 301,184 буюу 60.1 хувь, зүүн гар талдаа хүрдтэй нь 200.746 буюу 39.9 хувийг эзлэж байна. Дэлхийн жишигт 1000 хүнд ноогдох автомашины тоо 30-аас дээш болвол, замын нэврүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсдэг. Энэ тоо 130-аас дээш болоход тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250-д хүрвэл нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудалд тавигддаг. Гэтэл өнөөдөр манайд 1000 хүнд ноогдох автомашины тоо 239-д хүрчихсэн байна. Бид 2010 оноос энийг мэдэрч эхлээд, ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байна гэж явсаар 2012 онд дугаарын хязгаарлалтыг хийж эхэлсэн. Тэр үед 1000 хүнд ноогдох автомашины тоо 130 хавьцаа болчихсон байсан. Дугаарын хязгаарлалтыг анх хэрэгжүүлж эхлэхэд иргэдийн 80 хувь нь эсэргүүцэж байсан бол 2015 онд дугаарын хязгаарлалтыг болих судалгаа явуулахад бас л 80 хувь нь эсэргүүцсэн. 200-250 болонгуут нийтийн тээвэрт давуу эрх өгөх асуудал яригддаг. Тиймээс бид нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ гаргаж өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ тоо 239-д хүрсэн гэсэн албан мэдээлэл байна. Харин мэргэжилтэн, судлаачдын хэлж байгаагаар энэ тоо аль хэдийн 300 гарчихсан гээд байгаа. Тэгэхээр бид нарт зайлшгүй шинэчлэлт хэрэгтэй болчихоод байна. Хүнээр ярихад хүчилтөрөгчгүй, агаарын дутагдалд орчихоод байна.

-Түгжрэл ихэссэнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс автомашиныг тэгш, сондгойгоор хуваарилж, хөдөлгөөнд оролцуулах санал их ирүүлж байгаа. Энийг дахиж бодож үзнэ гэж хотын дарга хэлж байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Манай судлаачдын багаас үүнийг дэмжихгүй. Учир нь дугаарын хязгаарлалт бол арга ядсан түр  зуурын л арга. Үүнээс өөр гарц шийдлүүд зөндөө байгаа.

-Тухайлбал, өөр ямар арга байна вэ?

-Ялангуяа зуны цагт өглөө, өдөр гэлтгүй зуслангийн замууд их түгжрээтэй байдаг. Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замд жолооч нар хоёр эгнээгээр яваад нөгөө эгнээ нь сул байгаад байдаг даа.  Тэгвэл хоёр эгнээг гурав болгоод  нөгөө талыг нь нэг эгнээ болгохоор болчихож байгаа юм.  Энгийн л арга. Үүнийг яаж хийх вэ гэхээр эгнээний  гурвалжин улаан  тэмдэг тавиад явчихна.

-Тэгвэл үүнийг ямар хууль хяналтын байгууллага хэрэгжүүлэх ёстой вэ?

 –Нийслэлийн  зам тээврийн хөгжлийн газар.

-Цас орсноос болоод өнөөдөр авто замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл үүсээд байна. Ийм үед зохицуулалтыг хэрхэн хийх ёстой  юм бэ?

-Жолоочийн ур чадварын асуудал маш чухал. Бид чадваргүй жолооч бэлдээд байна. Үүн дээр тавих хяналт сул. Жолооч нарын чадвар нэгдүгээрт байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хяналт шалгалт. Тухайлбал,  хэрэгжиж байгаа хуульд  тавих хяналт сул байна.  Жолооч нар өвлийн  дугуйгаа хийсэн эсэх, авто машины бүрэн бүтэн байдал техникийн асуудал зэргийг сайтар шалгах  хэрэгтэй. Мэдээж хөдөлгөөний эрчим замын нөхцөлөөсөө шалтгаалаад цаг агаартай үргэлж  уялдаж байдаг. Хальтиргаа   үүссэн үед жолооч автомашины хурдаа 5-10 км цагаар бууруулдаг. Зун зүгээр байснаа өвөл түгжрэл үүсдэг. Тэр нь жолооч нар болгоомжлоод хурдаа хасч байгаа гэсэн  үг л дээ.  Хавар намрын улирлын саармаг үе байдаг.

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх