О.Алтансүх: Монгол иргэд Эрээнд хүүхдээ барьцаанд тавиад буцах тохиолдол цөөнгүй гарч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцсан. Энэ үеэр ГБХЗХГ-ыг "Хүүхэд хамгаалах чиглэлээр төсөвлөгдсөн мөнгийг үр дүнтэй зарцуулахгүй байна. Ширээний араас ажил хиймээргүй байна. Бодитой ажил хий" гэж шүүмжилсэн юм. 

Харин ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх"Жилийн өмнө хүүхдийн хөгжил хамгаалалд зориулж, 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан юм. 2018 онд энэ тоо 6.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Үүний 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваан хуваарилжээ. Үлдсэн мөнгөнөөс нэг тэрбум 350 сая төгрөгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, нөхөн сэргээх эмчилгээ хийх, гэрээсээ дайжаад явсан хүүхдийг хөгжүүлэх болоод хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх ажилд хуваан зарцуулсан" гээд нэгэн ноцтой мэдээллийг хийсэн юм. Тодруулбал, тэрбээр "БНХАУ-д барьцаалагдсан 2-3 хүүхдийг эх оронд нь авчирсан" гэв. 

Мэдээж энэ мэдээлэл олон нийтийг ихээхэн цочирдуулсан. Тэгвэл энэ асуудлаар ГБХЗХГ-ын дарга О.Алтансүхээс тодруулахад "Хүмүүс хүүхдээ авч яваад гадаад паспортаар нь айлд барьцаалж үлдээгээд явж байна. Нөгөө хүүхдийг очиж аван виз хоцорсон зардал, буудал, хамгаалалтын зардал, хоол ундны зардал гээд гурван хүүхдийг бид Эрээн хотоос авчрахад 13 сая төгрөг зарцуулж байна" гэв.           

Тодруулбал, БНХАУ-д зорчиж явсан Монгол Улсын иргэн хүүхдээ зочид буудалд үлдээгээд нутаг буцсан тохиолдол цөөнгүй гардаг байна. Хүүхдүүдийг нутагт нь авчрахын тулд дээрх төсвийн хөрөнгөнөөс зарцуулалт хийжээ. Энэ мэт он гарсаар хөршийн орноос эцэг эхдээ орхигдсон хүүхдүүдийг авчрахад 13 сая төгрөг зарцуулсан байна.

Б.Аз

сэтгэгдэл үлдээх